Showing posts with label Үлгэр домог яриа. Show all posts
Showing posts with label Үлгэр домог яриа. Show all posts

Tuesday, May 31, 2011

Доржзовдын хураангуй

Доржзовдын хураангуй

Намо багавади баранзаа брамидаа ей ум нада дидэ илши илши, милши милши бинаян бинаян намо багавади брадом баради, ирди ирди, мирди мирди, шурди шурди, үшүри үшүри буюуей буюуей суухаа

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Эрт дээр үед Энэтхэгийн орноо шажин төрийн үйлнээ маш мэргэн сэцэн, хүн ба хүн бусын үйлнээ нэн өлзийтэй өглөг хайрлагч асрахуй сайн сэтгэлт нэгэн хаан байжээ. Хааны нутаг дэвсгэрийн дунд хэрд тэгш сайхан шилбэр газар нэг сүм өөрөө товойн ургасаар гүйцжээ. Түүнийг үзвээс үзэсгэлэн нь улам тодрон, харваас хараад, ханашгүй ер бусын гайхамшигтай сайхан сүм болсон ажгуу.

Сүм дотор бурхан шүтээн судар ном зуу, зуун ширхэг ба тахилын ширээ хийгээд хурлын хуваргуудын суух тавцан, тацан олбог дэвсгэр дэс дараагаар хүн бэлдсэн шиг үзвээс үнэхээр зохистой бөгөөд эрдэнийн эд, зүйлс амой.

Түүнийг ертөнцийн хүн урлан үйлдэх нь атугай сэтгэн бодож сийлэх ухаан үл хүрэлцэх тийм хосгүй сайхан сүм ажгуу. Гэтэл хажууд нь бас өөрөө бүтсэн нэгэн сайхан сүм байх бөгөөд дотор нь зуун зүйлийн амтат ёстой ариун сайхан идээ ундаа байв. Тийм сайхан сүм идээ ундаа өөрөө урган дэлгэрсэнд хаан түшмэл тэргүүлэн хамаг бүгдээр хараад бахдан баясаж ийнхүү өгүүлэлдэв.

Манай энэ сүм шажин дэлгэрэхийн түмэн өлзийт үүд нээж бурхан тэнгэр ерөөж лусын савдаг бүтээж сүндэрлүүлсэн ажгуу. Ийнхүү баясалцаад нэгэн номч мэргэн лам дор хаан зарлиг болрон: Чи тэр сүм дор одож шашин дэлгэрэхийн угтуул болгон ямар ном буян үйлдвээс зохих түүнийг үйлд. Юу л хэрэгтэй бол би түүнийг өгье хэмээн зарлиг болроод нэгэн шавьтай хамт илгээжээ. Гэвч тэр лам сүмд оронгуутаа ухаан алдаж дорхноо үхэв. Энэ тухай шавь нь өгүүлэн ирсэнд урьдын мэргэдийн таалсан ёсоор удаа, дараалан лам нарыг илгээвээс мөн л үхэв. Тэр мэтээр олон лам үхсэнд, аль сайн лам нар ингэж үхэх болсонд, сүмийн ойр тойронд одож үл болох ба хамаг улс айж имээж холуур тойрч явах болов. Тэр үеийн энэ улсад баахан нэрлэхүй хөөргөн нэгэн хуварга байжээ. Тэр хуваргын өгүүлсэн нь хамаг амьтны тусын тулд хааны буянаар бүтсэн энэ сүмд хоосон нэр зүүсэн лам яаж сууж чадахав. Харин цуварч үхсээр байгаад сүмийг хиртээж бузар буртаг болговол хаан төр тэргүүтэн хамаг улсад нэгэн их муу ёр болох вий дээ хөөрхий, номын утга мэдэхгүй зовлон их гэдгийн учир энэ болж дээ гээд дэмий л гаслан нэрлэхэж үүнд, түүнд өгүүлж, ийш тийш явах нь улам сонсогдсоор түүнийг нь түшмэл сонсож мэдээд манай албад дотор нэгэн сайн лам бий хэмээн машид баясаад нэгэн элчид хаан зарлиг болров. Өөрөө бүтсэн сүмийн учир шалтгааныг тайлж ширээнд заларч чадах сайн лам нэг буй хэмээв. Чи түүнд одож юу хэрэгтэй бүхнийг гүйцээн бүрдүүлэн өгч тэргүүн ламын ёсоор сүмд хүрэг хэмээн зарлигдав. Тэрхүү элч одож хааны зарлигийг өгүүлвээс тэр хуварга зүрхэндээ сум тусгасан мэт болон айж, эмээж, зовж түүнийгээ нууж огт мэдэгдэхгүйгээ хичээж байгаад тэрхүү элчид хэд хоногоос очъё. Чи хүлээ гэжээ.

Тэгээд бодвол сүмд суувал үхэх, хаан түшмэлийн зарлигаас давбаас мөн үхнэ. Оргож яваад баригдваас бас үхнэ. Одоо яавч миний насны хэмжил боловаа. Ямар ч болтугай тэр сүмд очиж үхвээс үг хэл, явдал суудалгүй, миний нэрэнд гэмгүй биз гэж сэтгээд элчтэй хамт явжээ. Арав хоноод сүмд хүрэхэд гурав хоногийн газар үлдээд байхад лам элчдээ хандаж та сүмд ойртож үл болно. Хэрэв таныг мэдвээс угтаж хорлох болно. Эндээс буцахтүн. Намайг ганцаараа гэж бүү зов. Харин өчүүхэн хүнс хэрэглэл гээд, тэндээсээ айж, цочин, яван явсаар долоо хоноод бараа нь харагдахын төдий газар нэгэн довцог дээр сац тавьдаг байшинд орвоос дээдийн дэвтэр ном харагдав.

Авч үзвээс /Очироор огтлогч/ судар буюу машид баясаж ийнхүү сэтгэрэв. Үйлийн эзний гарт орсон надад /Очироор огтлогч/ судар олдсон нь олъё бэрх маш сайн хувь буюу. Миний энэ нас нэгэнт дууссан тул би өөрийн хийгээд хамаг амьтны тусын тул үхэтлээ уншсугай. Энэ сударт би бие, хэл, сэтгэлээ өргөсүгэй. Ялангуяа амиа тасартал худал бүү өгүүлсүгэй хэмээн бие хэл сэтгэлээ өргөөд уншиж хоноод маргааш нь өлсөж ундаасахын их тул ямар ч болов нэг цадаж хоноод үхье хэмээн сэтгэл шулуудав.

Ингээд айж эмээлгүй сүмд орж тэрхүү зуун амтат идээнээс амсаж идэж ууж ханаад мөн ингэж сэтгэв.

Ай сэтгэл чи их нэрийг хүсэж нэрлэхэн өгүүлснээс үхэх болсноос биш бусад хүн намайг хорлоогүй юм байна. Энэ номыг уншихуйд сэтгэл чи аанайхан хорлов хэмээсэн сэтгэлээ нуун захираад тэргүүн ламын ширээн дээр гарч суугаад /Очироор огтлогчийг/ нэгэн үзүүрт сэтгэл барин уншиж долоо хонов. Гэтэл тэр үдэш сүм гэрлээр дүүрч гийгэн гэрэлтэв. Эцэстээ сүр жавхлан төгс нэгэн хүн ирж мөргөөд өгүүлсэн нь: Зээ номын тогтомд өчүүхэн чөлөө тавьж миний үгийг сонс. Би бээр энэ газрыг эзэгэнсэн савдаг бөлгөө. Савдаг олон боловч тэргүүлсэн ноён савдаг нь би байна. Манай энэ хаан өдөр бүр манай улсад их хэрэгтэй эм, сэлт номын, өглөг хайрлагч нэгэн бөлгөө. Үүний харьяат нэгэн зуун ерин есөн муж улс хиншүү хярвас үл хийх тул савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй уужим жаргасан нь гагцхүү энэ хааны ач тус мөн.

Иймийн тул хааны ач тусыг хариулна гэв. Хаан дор туулсан бурхан болохоос бусад нь гүйцсэн. Шажин ихэд дэлгэрүүлж амьтны тусыг үнэхээр туулсан бурхан, бурханы хутгийг хаан бээр даруй олох болно хэмээн өгүүлээд тэнгэрээс босгосон ба би тэргүүтэн лус савдаг бид бүтээж хаанд өргөсөн сүм бөлгөө.

Гэтэл энэ сүмд суухаар ирсэн лам нар аль нь ч энэ сүмийг ургуулагч бишээ. Хэн бөгөөс энэ сүмийг тоосон товрог болгон хэмээн хатангуутаж хэт догшин өгүүлж сонсгон занав. Түүгээр намайг хорлож үл чадна. Тэр юуны тулд вэ? Хэмээвээс түүнчлэн ирсэн бурхад хийгээд бодьсад махасад нар ба барадигавод сэлт асрахуй, нигүүлсэхүйгээр бодь хутгийг олжээ.

Ер амьтныг хорлоогүй бурханы сургаалаас гажуудсангүй нэгэн төрөл тэргүүлэшгүйгээс эдүгээ хүртэл хураасан буян их. Буян үйлдэгсдэд буруу хор сэтгэсэн лугаа энэ мэт үйл үйлдсэнээр буянаа барж үхсэн лам нар болой.

Тойн чи билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ өөр бусад буяны номыг хамаг амьтны тусын тулд ядам болгон уншсанаар миний сэтгэсэн ёсоор шажин дэлгэрэх болон шажин амьтны тусын тулд энэ сүмд тэргүүн лам болон соёрхов хэмээжээ.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Дорно дахины нэгэн муж улсад тангарагийн буг чөтгөр оршиж тэндхийн хүүхэд нялхсыг цөлмөх болж арван найман наснаас дотогш эрэгтэй эмэгтэй хүнгүй болжээ.

Бугийг тонилгох гэтэл тэр өөрөө номонд асар мэргэн учир ямар лам ямар арга чарга үйлдсэн ч дой дором нь улам ихээр түгэж бугшин ер эс чадагдана.

Иймээс тэр муж улсын хаан сэтгэл санаагаар улам гутарч хаан харцас хамаг улсын үр үндэс тасрах болох нь, би энэ улсын хаан ширээнд суусаар байж буруу зүйлийг үл мэдсэн шиг байвал тэнгэрийн таалалд үл нийцэнэ. Уур хилэн ч болж мэднэ. Эсвэл ганц намайг шийтгэлтэй ч биш ийм олон улсыг гашуун зовлонд учруулахын учир утга юу билээ.

Буг чөтгөр бугшсаар бусад олон хорлол тэргүүтэн бидний үйлдсэн буяны ном гүрэм хийгээд арга чарга тахил санваар өглөг тэргүүтэн түүнд хариу тус үл болохыг сэтгэвээс хаан миний үйлийн үр буюу ноёд баяд гэж сайрхавч буян эс хийвээс хойд төрөлдөө гутамшигт гуйлагчин болох түүнчлэн би бээр хаан хэмээн ихэмсэглэвч албат иргэнгүй болбол энэ насны гутамшиг болох тул эдгээр олон зовлонтны төлөөнөө зорьж гурав хоногийн дараа төрөл егүүтье гэж шийдээд сэм суувай.

Хааны зүүдэнд нэгэн бандид ирж өгүүлсэн нь: Нялхсын их егүүтгэлд дээдсийн хан хурмаст бээр ялж төгс нөгцөгсөн бурханы номлосон билиг барамид дор тамга дарсан бөлгөө.

Тэр барамидыг шүтвээс тэр бээр магад чадмой. Тэр юун тулд хэмээвээс ялж төгс нөгцөгсөнөөр билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийг/ номлохуй цагт дээдсийн хан хурмаст тэргүүлэн наян түмэн тэнгэр нар даган баясаж энэ судрыг шүтэгсэдийн энэ хойт хоёрын нөгцөгсөн ба ирээдүй хийгээд эдүүгээгийн ямар ба үйлс дор зориулж уншваас түүний хэрэг тусыг бид бүтээсүгэй хэмээн ам авч тамга дарсны тулд болой хэмээгээд тэр бандид үл үзэгдэн одвой хэмээхийг тодорхой тэмдэгтэй зүүдлээд нойрноос сэрээд лам гурван эрдэнэ дор ачлах тахил өргөөд олон бүгд дор тунхаглан тархааж /Очироор огтлогчийг/ шүтэн уншицгааваа.

Тэр буг чөтгөр тонилоод нялхас хүүхдийн аюул зовлон арилж урт наслаж удаан жаргаж эхлэв. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар хэрцгий догшин бугийг тонилгоод үл тогтох нялхсыг тогтоогоод улмаар нялхас дор энэ судрын адистад гайхамшигтай сайныг нь илтгэсэн бөлгөө.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Ганц хөвгүүнээ эрх дураар нь өсгөсөн эзэн хааны нэгэн баян түшмэл байжээ. Гэтэл хөвгүүн нь гадуур дотуур дэмий л зугаачиж яваад галзуу нохойнд зуулгажээ. Эцэг эх, ураг төрлүүд нь ихэд айж цочин сандрав бололтой. Тэндээс их холгүй газар оршин суудаг сайн оточ байдгийг эцэг нь мэддэг юмсанжээ. Иймээс оточийнд очиж хүүгийг минь галзуурахгүй байх арга зүй юу байна мэргэн оточ минь гэж сөгдөн гуйв.

Оточ аль сарын хэдний өдөр ямар зүстэй нохой зуув гэж асуув. Эцэг түшмэл бүрнээ өгүүлвээс: Оточ чи намайг бүү залхаагаач. Нохой сарын нохой өдөр улаан хоншоортой цагаан буюу шар нохой зуусныг галзуугийн хорыг арилгахуйд отчийн хаан бэрхийн аймагт номложээ. Би үүнийг үл чадна хэмээв.

Түшмэл маань бүр ч цөхөрч би үнэн сэтгэлээсээ газар усны эздийг шүтэн тахисаар явлаа. Гэтэл үүргэн дээрээ дэвтэр залсан өвгөн замд тааралдаж түшмэл түүнтэй золгож мэнд усаа мэдэлцээд түшмэл хэрэг зоригоо хэлж учирлаваа.

Иймд та аливаа олон харш гэмүүдийг бүртгэн анагаасан биз ээ. Тохиолдсон галзуу нохой зуусны гэм хорыг арилгахын арга зам ухааныг сонсож мэдсэн, анагаасан бол сэтгэл харамгүй айлдана уу? хэмээсэнд евгөн ийнхүү өгүүлэв: Ноён минь ээ.

Ийм зовлонг арилгахыг хүсвээс Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг үнэнхүү шүтэж хутаг гуйваас түүнд үл туслах үйл гэж нэгээхэн ч байхгүй юм даа. Тэр түүнийг магад чадна гэжээ. Гэтэл түшмэл бүхнийг чадах тийм сайн шидтэй ном бий атал үүрэг үүрч газар газар гуйланчлан явахын хэрэг тань юусан билээ? хэмээсэнд өвгөн зүйрлэвээс хуртай газар тариалан тариваас үл ургах түүнчлэн төрөл тэргүүлэшгүйгээс эдүүгээ хүртэл үйлдсэн нүгэл хилэнц арилваас хэдийгээр хишиг хутаг гуйвч өлзий хутаг үл оршино.

Нүгэл хилэнц арилваас гуйсан ч эс гуйсан ч буян өөрөө хурах бөлгөө. Тиймийн тул би нүгэл хилэнцээ арилгахын төлөө наминчлан залбирч үхэл хэзээ ирэхийг хүлээж явна. Ертөнцийн өчүүхэн үйлийг ашдын сайн явдлаар арилгаж болноо хэмээв.

Үүнд түшмэл нүгэл хилэнц эс арилваас өлзий хутаг үл орших бөгөөтөл галзуу нохойд зуулгасан тэр хөвгүүний гэм эс арилбал тэр гэмийг арилгаж болох болов уу гэсэнд өвгөн: Ай даа түшмэл минь. Чи дээдийн номыг мэдэхгүй ертөнцөд итгэж амтшин маасайсан чинь энэ ба хойтын газар нутгийг мэдэхгүй согтсон хүн шиг байна.

Чи ихэмсэглэхээ түр зогсоод миний үгийг сонс. Наян найман муу ёр, гурван зуун жаран зэтгэр, найман бэрх халдвар тэргүүтэн үндэсний үйл бус, тиймийн тул би өгүүлж байгаа болой. Ялангуяа /Очироор огтлогч/ судар аливаа муу үйлийн ухааныг онож арилгах бөгөөд үүнийг итгэж шүтвээс аль ч орноо одсон амгалан байх болой.

Ай түшмэл минь. Би бээр чалчаадаа ингэж хэлж байгаа бус чиний асуусны хариуд хэлж байна. Харин явдалд чинь түр саад болов гээд өвгөн явахаар завдав.

Гэтэл түшмэл өвгөн чамайг цэнсэн бус уурхай юугаа эс нээвээс зоорио үл авна гэж хэлдэг. Түүнчлэн эс мэдсэнийхээ утгыг эс асууваас үл мэдэхийн тул болой. Тэр хордсон хүн бол миний хөвгүүн билээ. Та миний гэрт морилж очно уу хөвгүүнд минь туслахын аргыг эрье гэж гуйв. Очих зорчихын зам муруйж гажуудваас түүнийг би даанч ачлалсугай гэсэнд өвгөн: Хааны санд агуулсан тавин лан алт адгийн танхай гуйланчийн гар дээр атгасан тавин лангийн алт хоёрын аль нь илүү үнэтэй вэ? Гэв. Үүнд ялгалгүй биз ээ. Үхэр чихрийн амт үл мэднэ гэгчээр намайг ном мэдэхгүй гэж хэлж байгаа биз ээ. Би дээдийн номонд хоёр сэтгэл үл төрүүлнэ гэсэнд өвгөн тэднийд морилж очиж /Очироор огтлогчийг/ уншиж хөвгүүнийг ариун номоор адислав.

Тэр цагт тэрхүү нохойд зуугтсан хүн ба адгуус мал цөм галзуурч үхжээ. Харин ганцхан түшмэлийн хөвгүүн эс галзуурсанд уг хошууны хаан тэргүүтэн хамаг ард нь /Очироор огтлогчийн/ аугаа хүчийг илэрхий мэдээд сүм хийд барьж /Очироор огтлогчийн/ хурал ном байгуулав.

Үүнээс хойш аливаа халдварт өвчний сураг тасарч эдүүгээ ч олонд өлзийгөө өгсөн энэ хийд тухайн орны аль нэгэн өнцөг буланд бий бизээ.