Tuesday, May 31, 2011

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Ганц хөвгүүнээ эрх дураар нь өсгөсөн эзэн хааны нэгэн баян түшмэл байжээ. Гэтэл хөвгүүн нь гадуур дотуур дэмий л зугаачиж яваад галзуу нохойнд зуулгажээ. Эцэг эх, ураг төрлүүд нь ихэд айж цочин сандрав бололтой. Тэндээс их холгүй газар оршин суудаг сайн оточ байдгийг эцэг нь мэддэг юмсанжээ. Иймээс оточийнд очиж хүүгийг минь галзуурахгүй байх арга зүй юу байна мэргэн оточ минь гэж сөгдөн гуйв.

Оточ аль сарын хэдний өдөр ямар зүстэй нохой зуув гэж асуув. Эцэг түшмэл бүрнээ өгүүлвээс: Оточ чи намайг бүү залхаагаач. Нохой сарын нохой өдөр улаан хоншоортой цагаан буюу шар нохой зуусныг галзуугийн хорыг арилгахуйд отчийн хаан бэрхийн аймагт номложээ. Би үүнийг үл чадна хэмээв.

Түшмэл маань бүр ч цөхөрч би үнэн сэтгэлээсээ газар усны эздийг шүтэн тахисаар явлаа. Гэтэл үүргэн дээрээ дэвтэр залсан өвгөн замд тааралдаж түшмэл түүнтэй золгож мэнд усаа мэдэлцээд түшмэл хэрэг зоригоо хэлж учирлаваа.

Иймд та аливаа олон харш гэмүүдийг бүртгэн анагаасан биз ээ. Тохиолдсон галзуу нохой зуусны гэм хорыг арилгахын арга зам ухааныг сонсож мэдсэн, анагаасан бол сэтгэл харамгүй айлдана уу? хэмээсэнд евгөн ийнхүү өгүүлэв: Ноён минь ээ.

Ийм зовлонг арилгахыг хүсвээс Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг үнэнхүү шүтэж хутаг гуйваас түүнд үл туслах үйл гэж нэгээхэн ч байхгүй юм даа. Тэр түүнийг магад чадна гэжээ. Гэтэл түшмэл бүхнийг чадах тийм сайн шидтэй ном бий атал үүрэг үүрч газар газар гуйланчлан явахын хэрэг тань юусан билээ? хэмээсэнд өвгөн зүйрлэвээс хуртай газар тариалан тариваас үл ургах түүнчлэн төрөл тэргүүлэшгүйгээс эдүүгээ хүртэл үйлдсэн нүгэл хилэнц арилваас хэдийгээр хишиг хутаг гуйвч өлзий хутаг үл оршино.

Нүгэл хилэнц арилваас гуйсан ч эс гуйсан ч буян өөрөө хурах бөлгөө. Тиймийн тул би нүгэл хилэнцээ арилгахын төлөө наминчлан залбирч үхэл хэзээ ирэхийг хүлээж явна. Ертөнцийн өчүүхэн үйлийг ашдын сайн явдлаар арилгаж болноо хэмээв.

Үүнд түшмэл нүгэл хилэнц эс арилваас өлзий хутаг үл орших бөгөөтөл галзуу нохойд зуулгасан тэр хөвгүүний гэм эс арилбал тэр гэмийг арилгаж болох болов уу гэсэнд өвгөн: Ай даа түшмэл минь. Чи дээдийн номыг мэдэхгүй ертөнцөд итгэж амтшин маасайсан чинь энэ ба хойтын газар нутгийг мэдэхгүй согтсон хүн шиг байна.

Чи ихэмсэглэхээ түр зогсоод миний үгийг сонс. Наян найман муу ёр, гурван зуун жаран зэтгэр, найман бэрх халдвар тэргүүтэн үндэсний үйл бус, тиймийн тул би өгүүлж байгаа болой. Ялангуяа /Очироор огтлогч/ судар аливаа муу үйлийн ухааныг онож арилгах бөгөөд үүнийг итгэж шүтвээс аль ч орноо одсон амгалан байх болой.

Ай түшмэл минь. Би бээр чалчаадаа ингэж хэлж байгаа бус чиний асуусны хариуд хэлж байна. Харин явдалд чинь түр саад болов гээд өвгөн явахаар завдав.

Гэтэл түшмэл өвгөн чамайг цэнсэн бус уурхай юугаа эс нээвээс зоорио үл авна гэж хэлдэг. Түүнчлэн эс мэдсэнийхээ утгыг эс асууваас үл мэдэхийн тул болой. Тэр хордсон хүн бол миний хөвгүүн билээ. Та миний гэрт морилж очно уу хөвгүүнд минь туслахын аргыг эрье гэж гуйв. Очих зорчихын зам муруйж гажуудваас түүнийг би даанч ачлалсугай гэсэнд өвгөн: Хааны санд агуулсан тавин лан алт адгийн танхай гуйланчийн гар дээр атгасан тавин лангийн алт хоёрын аль нь илүү үнэтэй вэ? Гэв. Үүнд ялгалгүй биз ээ. Үхэр чихрийн амт үл мэднэ гэгчээр намайг ном мэдэхгүй гэж хэлж байгаа биз ээ. Би дээдийн номонд хоёр сэтгэл үл төрүүлнэ гэсэнд өвгөн тэднийд морилж очиж /Очироор огтлогчийг/ уншиж хөвгүүнийг ариун номоор адислав.

Тэр цагт тэрхүү нохойд зуугтсан хүн ба адгуус мал цөм галзуурч үхжээ. Харин ганцхан түшмэлийн хөвгүүн эс галзуурсанд уг хошууны хаан тэргүүтэн хамаг ард нь /Очироор огтлогчийн/ аугаа хүчийг илэрхий мэдээд сүм хийд барьж /Очироор огтлогчийн/ хурал ном байгуулав.

Үүнээс хойш аливаа халдварт өвчний сураг тасарч эдүүгээ ч олонд өлзийгөө өгсөн энэ хийд тухайн орны аль нэгэн өнцөг буланд бий бизээ.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Ямагт амьтны амь хорлогч нүгэлт гөрөөчний гэргий нь / Очироор огтлогчийг/ ядам болгон уншигч бөлөг. Гэтэл эр нөхөр нь гэргийдээ "Чи одооноос эхлэн ном бүү унш ан гөрөөний ав хомрогт муу болно. Энэ ном гэгчээ үгүй хий. Эс тэгвэл би өөрөө устгана" гэсэнд гэргий нь "Чи бид хоёр эр, эм гэсэн эв тангарагаа санаж миний үгийг хэрэгсэнэ үү, эс хэрэгсэнэ үү чи сонс. Чи өөрөө буян эс хийвч бусдын буян үйлдэхэд юу бодож буцаан үйлдэхийг ятганам билээ.

Харин буянд нь даган баясваас сайн болохыг эс сонсов уу? Эрлэг тамын оронд хэн буянтай бол тэр жаргалантай хүндтэй, хэн хилэнцтэй бол тэр хүн зовлонтой. Тэр оронд сайн эрс, сайд, ноёд, баяд хэмээн нүүр түрүү харж хүндлэх, үгээгүй гуйланч гэж доромжлон басах тийм зан журам үгүй" Гагцхүү буян, нүглийн үйлээр болдог гэгчийг сонссон бизээ. Энэ ертөнцийн хүн амьтныг нас ахар, насан цөөн, насан идэр цагтаа хаан төрийн алба ба хамаг улсын адил аж төрж ядан явтал өтлөхийн цаг болох, өтлөсөн хүмүүний үйл явдлыг хэн хүмүүн буруу хэмээн доромжлох зэргээр нэр хүндгүй болох нь тэр.

Үхлийн эзэн эрлэгийн үүдэнд лавтай хүрсний тэмдэг тэр болой. Чи бид хоёр хэзээ ч үхэж магадгүй биш үү. Буян эс үйлдээд эрлэг тамын газар хэнд итгэж очих билээ, гэвэл эр нөхөр нь Надад гучин сайн зэвсэг, хурдан морь, нохой байсан цагт айх аюулгүй. Ер нь эмгэд өвгөдийн өгүүлсэн үгэнд орогч эр хүн, урмын дуунд ирэгч буга гөрөөсний эм, хөтөвч хоёр даанч тэнэг хэмээсэн нь үнэн биз ээ. Чиний энэ олон үгийг даанч хэрэгсэхгүй гэв. Нөхрийн үгийг сонсоод гэргий нь: "Ил үзэгдэхээс хаад ноёдын хайрыг итгэж инээмсэглэгч хүмүүн, үл үзэгдэхээс үйлийн үрийг үл үнэмшигч хүмүүн энэ хоёр даанч мунхаг" хэмээн өгүүлөв. Гэргий ийнхүү өгүүлээд энэ шүтээнийг минь магад надаас хагацуулах янзтай учир номоо нууцгай шүтье гэж шийдэв. Гэргий өөрийн гарын дор гутал оймс сэлтээ агуулдаг нэгэн эсгий уутыг суллаж орныхоо доод хөндийд тавьжээ. Түүнийг нөхөр нь үл хэрэгсэнэ.

Гэргий тэрхүү оройн дээд шүтээнээ эсгий уутан хэтэвчиндээ нууцлан залхуйдаа ийнхүү залбирав. Зовлон бүхнийг арилгаж амгаланг зохиогч асар их аугаа хүчит /Очироор огтлогч/ ном минь ээ. Би бол хамаг амьтны тусын тулд өнө удаан шүтье гэж хатангуужиж санасан билээ. Тэгтлээ доод төрөлт муу эм би бээр хувь заяаны эрхээр номгүй, маш хэрцгий, догшин эрийн эрхэнд орсон бөгөөд би чамаасаа салахад хүрсэн билээ. Би чамайгаа буртагтай муу оронд агуулъя гэж даанч санаагүй бөгөөтөл өнө удаан шүтэхийн төлөө буюу чамд нүгэл хилэнцээс бус бузаргүй гэж дорд муу орноо агуулан залваа би. Намайг нигүүлсэж хүлцэн соёрх хэмээн өгүүлж залбиран мөргөөд эсгий хэтэвчин уутан дотор залж, хэн хүнээс нууж уншдаг болов.

Хожим урт хугацаа өнгөрсөн хойно гөрөөч хүн хүндээр өвчилж бараг үхэх шахав. Иймээс нөгөө гэргий нь миний энэ нөхөр нүгэл хилэнцээс өөр буяны төрөл нэгийг ч үйлдээгүй ажгуу. Тийм учраас энэ нөхрийг нэгэн агшин зуур ч атугай залбируулж өгөөсэй гэж арга ухаан бодолхийлж санаад нөхөр юугаа хөө хуяг дуулгаар зэвсэг, морь хийгээд, нохой нүглийн амраг нөхөд илтэд бэлтгээд ингэж хэлжээ.

Ай хөөрхий гэрийн эзэн минь ээ. Үйлийн үр үхлийн эзэн лугаа байлдан тэмцэлдэх цаг чинь одоо болов. Чиний юунаас ч үл айх хэрэгсэлийг чинь бэлтгэлээ, гэж гэргий нь хэлэхэд би иймийг эс мэдэж чинийхээ үгийг үл хэрэгсчээ гээд олон үг ч хэлэх тэнхэлгүй өнөөх ном гэдэг чинь бий билүү гэсэнд гэргий нь /Очироор огтлогч/ судраа авч гар дээрээ залаад ингэж хэлэв.

Ай хөөрхий гэрийн эзэн минь ээ. Энэ номноос юу санасан хүссэн бүхнээ хэлж хутаг гуйваас түүнийг бүтээх нь дамжиггүй. Тийн атал үйлийн үр чамд хэрэггүй болж дуусав. Чи гагцхүү гурван муу заяаны зовлонг үл үзэх хутаг гуй хэмээн хэлээд өгсөнд нөхөр нь авч толгой дээрээ тавьж адис аваад ангийн арьс авч өгөөд энэ номонд дээл хийж өг, бас үүгээр бүс хийж өг гэж өчүүхэн сур өгчээ.

Тэндээс тэр хүн төрөл егүүтээд эрлэгийн орноо очвол урьдаас сурч заншиж сураагүй буян, нүглийг ялгахгүй түүнийг завсаргүй тамд илгээв. Тэнд очсоноос хойш тамын амьтад цөм ангийн арьсан дэвсгэртэй суран чагттай болсон учир аливаа зовлон зүдгүүрийг эс эдлэсэнд там сахиачид ийнхүү өгүүлэлдэв. Амьтны нүгэл хилэнц арилж тонилох боловч энэ мэт болохыг эс номложээ. Энэ нүгэлт гөрөөчинд нэгэн сайн олзоо алдсан эрлэг номун хааны зарлага хааны дэргэд нь авч ирээд учрыг тунгааваас тэр гөрөөч номун хааны зарлигийн хариуг сонсож чадалгүй үхэдхийн муурч унав.

Эрлэгүүд бичиг ба толиндоо үзээд өгүүлэхдээ /Очироор огтлогч/ сударт нэгэн илийн арьс өчүүхэн сур өгч муу заяаны зовлонгуудыг үл үзэхийн хутгийг гуйснаас өөр буянгүй хилэнцийн данс баларч тодорхойгүй гэсэн билээ.

Номун эрлэг хаан зарлиг болгон /Очироор огтлогч/ сударт эрдэнэ ба эд таваар адгуус малаас шүд чихний ухархай зэргийн аль байгааг нь хамаагүй ариун сэтгэлээр өргөвөөс түүний буяны цогц үзүүр хязгааргүй түрүүлэх болюу хэмээн номлогдсоны тул үүний хилэнцийн даанс балрах нь мөн.

Чи ертөнцөд эд таваараар баялаг баян хүн болон төрвөө. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар нүгэлт гөрөөч тамын зовлонгоос тонилж ертөнцөд хүний төрөл олсон нь энэ бөлгөө.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Ганц охиноос өөр үргүй нэгэн сартваахи байх бөгөөд тэрээр охиндоо маш их хайртайн тул эрх дураар нь өсгөжээ. Нэлээд хожим нэгэн үед эх, эцэг хоёр насан өөд болжээ. Тус улсын хааны хуучин хууль журам нь хөвгүүнгүй хүн нас эцэслэвээс түүний аливаа эд хөрөнгийг хааны мэдэлд авдаг тул бүхий л хөрөнгийг хааны сан хөмрөгт хурааж аваад охинд өчүүхэн ч зүйл өгсөнгүй.

Охин энэ тухай мэдээ сонсоод нэгэн гэрийн эзний түлш түүж яваад номын ганц тасархай хуудас салхинд хийсэж байхыг хараад авч үзэв. Ай хөөрхий гэж, энэ ертөнцийн элдэв зүйл итгэлгүйг сэтгэж гүйцэшгүй мөнх бус билээ. Аугаа дээд ном хэмээн тахидгаас биш, мөн баян сартваахийн охин гэж эрх дураараа өссөнөөс биш энэ охин хүний дунд бид хоёртой адил ядарсан нь үгүй юм даа хэмээн бодож уйлан суув.

Гэтэл нэгэн тойн хүн түүнийг ажин ирээд охин минь чи юуны учир гашуудан уйлж сууна гэв. Охин өөрийн бүхий л санаж бодсон зүйлээ бүрэн өгүүлэв. Тэр тойн ихэд нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж нөгөө номын тасархайг авч үзээд, адис авч, учир ухааныг тайлан егүүлж энэ ном билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ нэрт их хөлгөн судрын хоёр шүлэг байна, ялж төгс нөгцөгсөн гэгээнээр номлосон ном билээ.

Үүний тус эрдмийг бурхан багшаас бусад номлож үл гүйцнэ. Чиний энэ ба хойт нас хоёрт үүнээс тустай дээдийн юм хэзээ ч үл олдоно. Үүнийгээ ядам болгон унш гээд гурван эрдэнийн ач тус хүмүүсийн хооронд өгөх, авахтай адилгүй билээ.

Ингэхээр сүшиг бишрэлийг хичээ. Энэ номыг гэрээс гадагш гаргаж нөхөд сэлтэд бүү үзүүл. Хүн доромжлоход бүү гутар. өөрөө бүү доромжил. Энэ тухай бүү өгүүл. Хүмүүс чамд баярхаж, бахархаж, сайрхавч нөгөө л чиний эцэг, эхийн адил байдаг бүх хөрөнгөө орхиод одсоны хойно хэн нь дээр хэн нь доор болохыг одоогоор нэгэнт мэдэж, өгүүлж үл болно. Дордсыг доромжлоод хилэнц хураахаас өөр юмгүй билээ. Харин доромжлуулаад сэтгэлээ эс хямруулбал буян хураахаас биш гарзгүй билээ.

Бурханы шавь бурханч хуваргууд бид хэн маань ч аливаа хүн амьтанд ашиг тустайгаа үзүүлэхээс бус бурууг үл өгүүлнэ гэж хэлээд одов. Тэр охин, тойны хэлж сургасныг сэтгэлдээ агуулж номоо уншсаар удаан жил өнгөрсний хойно гэнэдэж гэрийн эзний гэргийн өлөн нүдэнд номоо харуулчихжээ. Энэ тухай гэргий эр нөхөртөө хэлж, эр нөхөр нь эмийнхээ үгийг сонсмогц охин тийш хурцаар хилэгнэж заяа буян муутай бузар нүгэлт охин чи хөдөө хээрээс номын тамтраг олж авчирч миний гэргий, хүүхдэд гай түйтгэр тарих нь лавтай хэмээн зодож жанчсанд гэргий нь энэ нүгэлт эм манайд өлзий бус болох биз гэв.

Ингэхэд охин гэрийн эзэн, гэргий хоёр миний ном хийгээд надаас ийнхүү сэрдэж их сэжиглэн сэргийлж байгаа учир би эднийд сууж үл болох нь илт болов. Өдөр шөнөгүй номоо уншсаар гарч гуйланчлан явсаар байтал нэгэн гэрийн эзэн азаар тохиолдож түүнийг гэргий болгон авчээ. Охиноос хөвгүүн үр заяаж алив нэгээр тэгш сайн жарган аж төрөн суусаар эцэстээ хүрч төрөл егүүтээд эрлэг номун хааны оронд очив. Номун хаан зарлиг болгож эм чи шажин ном дэлгэрсэн сайн цагийн сав ертөнцөд төрсөн тул дээшээ одох буян хэдийчинээ үйлдсэн, дорогш унах муу хилэнц юу хийсэн тэр бүхнээ мэдүүл хэмээн зарлиг болгов.

Би /Очироор огтлогчийг/ ядам болгон уншсанаас бус буян хилэнцийн алийг нь ч хийгээгүй хэмээн өгүүлэв. Гэтэл эрлэгүүд бичиг даанс толиндоо үзээд /Очироор огтлогчийн/ хоёр шүлгийг ядам болгон уншдаг нь үнэн бөгөөд гучин нас хүрээд баян хүний гэргий болж үгээгүй ядууст өглөг өгч, өлссөн цангасан амьтдад унд, хоол өгч, өвчин зовлонд нэрвэгдэгсдэд асар тусалсан буянтай юм. Бага сага хилэнц байвч арилж хэмээн айлтгасанд эрлэг номун хаан зарлиг болгон /Очироор огтлогчийн/ хоёр шүлгийг ядам болгон уншсаны буянаар гучин гурван тэнгэрийн орноо төрж тэндээс бодь хутагт зорь хэмээжээ. Ингэж охин тэнгэрийн оронд төржээ. Харин дээдийн номыг доромжилсон эр, эм хоёр муу заяанд унасан бөлгөө.