Tuesday, March 10, 2009

Компьютерийн технологийн хөгжлийн чиг хандлага

Компьютерийн техникийн өнөө болон ирээдүйн төлөв. Компьютерийн ертөнцийн эргэн тойронд..

Компьютерийн технологийн хөгжлийн чиг хандлага.

Өнөөгийн байдал.

Өнгөрсөн 3 зуунд бол дан ганц технологи ноёрхож байсан. 18-р зуун бол механик үйлдвэрүүд ноёлж байсан. 19-р зуун бол уур болон дотоод шаталтын хөдөлгүүрийн зуун байсан.
20-р зуун техник технологийн зуун байсан. Энэ зуунд хүн төрөлхтөн мэдээллийн технологийн талаар их зүйл бүтээсэн. Тухайвал дэлхийг хэрсэн телефон сүлжээг суурлуулсан, радио телевизийг зохион бүтээсэн. Мөн хиймэл дагуул хөөргөсөн, компьютерийн үйлдвэрүүд байгуулагдаж эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ялангуяа энэ зууны сүүлийн хагасд мэдээллийг түгээх, боловсруулах, хадгалах үйл ажиллагааны хөгжил их хурдсаж хөгжсөн үе юм.
Тэгвэл 21-р зуун бол мэдээллийн зуун, хиймэл оюун ухааны зуун болно гэж эрдэмтэн мэргэд, судлаачид санал бодлоо бичицгээж байна. Учир нь 20-р зууны сүүлийн хагасаас компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай нэгдэн ажиллах болсноор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн хурд бусад салбаруудтай харьцуулахад дэндүү хурдан хөгжиж ирсэн явдал юм. Энд гол нөлөөлөх хүчин зүйл нь компьютерийн техник, түүний сүлжээ бий болсон явдал юм. Компьютерийн сүлжээ бол хүн төрөлхтөний бүтээсэн нэг гайхамшигтай зүйл юм. Энэ сүлжээ бол ирээдүйн хөгжлийг тодорхойлно.
21-р зуунд хүн төрөлхтөний гол өрсөлдөөн бол оюун ухааны хөгжил байх болно.Тэр өрсөлдөөний гол зэвсэг, (багаж) нь бол бид бүгдийн яриад байгаа компьютер, түүний сүлжээ байх болно. Тэгэхдээ бидний өнөө үеийн хэрэглэж байгаа компьютерийн хэлбэр, хэмжээ, хүчин чадал, ажиллах программ хангамж нь эрс өөрчлөгдөнө гэдэг нь эргэлзээгүй юм.
Ингээд хүмүүсийн амьдрал, өдөр тутмын хэрэгцээнд сүүлийн дөчин жилийн дотор компьютер шиг түрэмгийлэн орж ирээд, өөрийн байр сууриа эгнэгт бэхжүүлсэн хэрэгсэл одоогоор үгүй байна.
Тийм тул компьютерийн ертөнцийн талаар ном сониноос уншсан, эрдэмтэн мэргэдээс сонссон бага сага зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцая. Би өмнө нь Мурийн хуулийн тухай өмнөх дугаарт товчхон дурьдаж байсан. Тэр хууль дахин 20 жил хүчин төгөлдөр байж чадвал 2020 он гэхэд компьютерийн хүчин чадал хүний тархины боловсруулах хүчин чадалтай эн зэрэгцэх болно. Өөрөөр хэлбэл компьютер секундэд 20.000.000 миллиард үйлдэл хийх чадвартай болно. Харин 2060 он гэхэд компьютер нь оюун ухааны хөгжлөөрөө хүн төрөлхтөнтэй нэг түвшинд зэрэгцэж очно гэж эрдэмтэн мэргэд, судлаачид тооцоолж байна.
Ингэснээр бидний киноноос үзэж харж, төсөөлөл авдаг хиймэл оюун ухаант эд эс, оюун ухаант машин, “амьд сэтгэдэг” компьютер, хүн машины гибрид зэргийг бий болгох боломжтой болно гэсэн үг юм. Гэхдээ компьютерууд өөр өөрийгөө программчладаг болоогүй цагт хүний хөдөлмөрийг хөнгөвчлөдөг багаж хэрэгсэл болон ойр дотны туслагч л байна.
Өнөөдөр 21-р зуун дөнгөж эхлээд явж байна. Энэ зууны эхнээс хүн төрлөхтөн бид 64 битээр хаягладаг процессорыг ашиглаад эхэллээ. Энэ нь 32 битийн хаяглалтаас даруй 4 тэрбум байтаар илүү байна гэсэн үг. Энэ нь компьютерийн техникийн хувьд өшөө их боломж олгож байгаа хэрэг юм. Үүний дүнд компьютер болон электрон техникийн хөгжил дэвшил, технологи маш хурдан урагшлаж байна.Тухайвал: Гурав, дөрөвдүгээрийн үеийн гар утас, шинэ үеийн илүү ухаалаг сүлжээ, утасгүй холбооны технологи гээд тоочоод байвал барахын аргагүй олон зүйл байна. Зүйрлээд хэлбэл яг л хурдан галт тэрэг шиг явж байна. Тэр галт тэргэнд сууж чадаагүй улс орон, хүн ард бол дэлхийн хөгжлөөс хол хоцрох нь тодорхой болжээ. Энэ галт тэрэгтэй хамт хоцрохгүй явахын тулд бидэнд мэдлэг боловсрол хамгийн чухал нь юм. Тухайвал Англи хэл, компьютер, техник зүйн мэдлэг чадвар хамгаас чухал хэрэгтэй. Өнөөдөр электрон засаглал, электрон худалдаа, элетрон хувцас, электрон дэлгүүр, электрон сургууль, электрон номын сан, электрон эмнэлэг, электрон манаач гэх мэт. Энэ болгоны цаана бидний яриад байгаа компьютерууд, шинэ үеийн сүлжээнүүд байгаа юм.

Ирээдүйд:

Бид одоо ширээн дээрээ харж байгаа компьютер төхөөрөмжүүдээ халаасандаа хийж явах нь ердийн зүйл болно. PC компьютерууд нь биокомпьютер, оптик компьютер, квант компьютер буюу илүү хүчирхэг микрокомпьютерууд, төхөөрөмжүүдээр солигдох нь эргэлзээгүй юм.
Одоо ч бид нар аль хэзээний ширээний PC шиг хүчирхэг микрокомпьютерүүдийг ашиглаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл компьютерийг орлож чадах маш жижигхэн электрон төхөөрөмж, багаж хэрэгсэл бидний ажил алба, гэр оронд элбэг хэрэглэгдэх хандлагатай болоод байна.
Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд компьютержсан хувцас тухай ярьж мөн аль хэдийнээ амьдрал ахуйдаа хэрэглээд эхэлсэн. Өөрийнхөө жин, амьсгалын тоо, даралтыг мэдэрдэг цамц өмсчихөөд явж байх цаг тун ойрхон болж байна. Манай улсад ч энэ хувцас хунар, хөнжил гудас тун удахгүй орж ирж хэрэглээ болох нь гарцаагүй юмаа.
Ер бусын үйл ажиллагаатай жижиг электрон хэрэгслүүдийг хаа саагүй хэрэглэх болж байгааг бид мэдэж байгаа, энэ бүгдийн цаана бидний яриад байгаа компьютер байгаа гэж ойлгож болно.



Бидны өдөр тутмын амьдралд ухаалаг “туслагч” электрон төхөөрөмжүүд хаа сайгүй тааралдаж, үүрэг даалгаварыг үг дуугүй биелүүлж байх болно.
Тун удахгүй гар хулгана байхгүй компьютеруудтай бид дуу хоолой болон гар бичмэлээр харьцах болно.
Үүнээс гадна дан ганц компьютер тийм их хүчирхэг байж чадахгүй юм. Түүнийг хамгийн хүчирхэг харилцааны хэрэгсэл болгодог гол зүйл бол түний сүлжээ юм.
Компьютерийн шинжлэх ухаан холбооны салбартай нэгдэн нийлсэн үйл ажиллагаа нь техник технологийн хөгжлийг эрс хурдасгасан. Компьютерийн сүлжээ гэдэг бол үнэхээр гайхалтай сүлжээ юм.

1 comment:

  1. хаанаас ийм мэдээлэл авсан бэ?

    ReplyDelete