Tuesday, May 31, 2011

Доржзовд буюу очироор огтлогч

нэрт их хөлгөн судрыг шүтсэний

тус эрдмийн тайлбар оршвой

Бурхан, номын үлгэрүүд

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Эртний нэгэн хийдийн ойролцоо хүний амьдралын өнгөрсөн ба одоо ирээдүйг эндүүрэлгүй мэдэгч мэргэн сэцэн билэгч бирман багш байжээ. Тус хийдийн хуваргууд тэр багш хаана байгааг андадгүй бөгөөд байнга түүнд очиж билэг ерөөл айлдсаны нь хариуд өөр өөрсдийн ажил үйлийн тухай өгүүлнэ. Гэтэл аравхан насандаа ариун санваар авсан номч мэргэн өчүүхэн тойныг таалж үзээд оюун ухаан тань хурц мэргэн боловч нас тань магад ахарджээ гэв.

Тиймээс хойд мөрөө бодон буян үйлдэх хэрэгтэй гэв. Өчүүхэн тойн мэргэн багшдаа бишрэн итгэж, би урьд төрлүүддээ амьтны амь тасалж, бусдад өглөг эс өгч, амраг хосууд болон төрөл садангуудыг салгасан зэрэг өөрийн үйлдсэн нүгэл хилэнцээр нас минь ахардаж хүсэл жаргалангаасаа хагацах нь ээ. Одоо л энэ төрөлдөө нүгэл хилэнцээ наминчилж арилгах буян үйлдэе. Нүглийг тэвчиж буян эс үйлдвээс тоо тоймшгүй олон галавт зовлон эдлэх нь дамжиггүй Иймээс зүүдний олз мэт олдсон энэ сайхан төрөлдөө нүглээ эс наминчлан арилгаваас үл болно. Харин айж сандарч чочирдон балмагдаж нас нөгцөн буян үйлдэхээс хожимдвол бүр ч харамсалтай юм болно.

Иймээс буян хийхийг яаран завдах нь чухал. Үүний тулд аглаг газрын хийдэд очиж буян үйлдэхээр шийдэв. Аливаа хүний хүсэл мөрөөдөл, хувь сүсэг гэгч увидас сайт хүнд олдох эрдэнийн ном судар байдгийг би түүхээс олж уншсан билээ. Тэгэхээр юу ч болсон тэр хийдэд очиж буян хишиг насны шидийг залбарин гуйя гэсээр багшдаа бараалхсанд багш нь зөвшөөрөн соёрхов.

Ийнхүү хийдэд очиж хутаг гуйсан нь: Аяа хүчит гурван эрдэнэ минээ! Аливаа амьтныг алагчлалаар алгассангүйгээр үл үзэгч, түгээмэл нигүүлсэгч, адистадын дээдийг хайрлагч, авралын ариун хурыг буулгагч бурхан гурван эрдэнэ минээ! Гурван хороор согтуурсан нисваанисийн мунхаг, харанхуйгаар бүрхэгдсэн нүгэлт надаар тэргүүлэн сүсэглэн шүтвээс хамаг амьтныг төрөл тэргүүлэшгүйгээс өнөө хүртэл хураасан нүгэл түйтгэр арилж, урт насалж эцэс хойтдоо бодь хутаг олох шидэт номыг надад илт хайрлан соёрхох болтугай! гээд нэгэнт шулуудсан сэтгэлээр хутаг гуйж залбарин мөргөв.

Хийдийн дотор давхар, давхраар залаастай олон судрыг гараар тэмтрэн нэгийг оньчтойхон барьж аваад хав харанхуй болтол тас анисан нүдээ нээсээр харвал: Өнөө /Очироор огтлогч/ хэмээх гайхамшигт судар байв. Буяны хутгийг хураасан ёсоор туслахуй мөр ерөөж би өдөр , шөнө ялгалгүй ядам болгон уншив. Хожмын нэгэн өдөр тэр газрын орчин гэрэл гэгээгээр гийж, анхилам сайхан үнэр алсын салхины аясаар ханхалж арван хүчин хичээл лугаа төгсгөсөн ариун хоёр аяга тахимлагийн дүрт тэр хоёроор нэгэн ном залж ирээд /Очироор огтлогч/ судар гэгч энэ буюу түүнд үл чадах үйл нэгээхэн ч үгүй билээ. Харин чиний энэ буян ба эрхтэн хийморь дэлгэрч эд агуурс лугаа төгсөөд агуу их увидаст номоор амьтныг удирдан зохилдож, гурван муу заяаны хар үүдийг буцах мөргүй болтол бүрнээ бөглөн хааж шидийг бүтээхүй хувьтай учран золгож төгсөх болтугай гэж багшдаа гүнээ сүсэглэн мөргөсөн агшин дор тэр хоёр аяга тахимлаг хоромхон зуур үзэгдэн огторгуй дор халин одов.

Гэтэл өнөө номч мэргэн өчүүрэн тойн, байсан нутагтаа урт наслан удаан жаргаад байсан билэгч мэргэн багшийнхаа дэргэд иржээ. Багш нь түүнийг хараад ихэд цочиж ай хөө чи чинь хэн билээ? Урдын өнөө ахар наст өчүүхэн тойн мөн үү? Хэрэв мөн бол хөө чи ямар буян үйлдэж насны гавьяа олов? Гэжээ. Тойн /Очироор огтлогч/ судрыг ядам болгон уншсанаас өөр зүйлгүй гээд чин үнэнээ өгүүлсэнд харин билэгч мэргэн багш нь номч мэргэн өчүүхэн тойнд залбиран мөргөөд /Очироор огтлогч/ судрын адистадын увьдас хүчин хийгээд түүний тус эрдмийг олноо тунхаглан дэлгэрүүлэв. Ингэж ахар наст өчүүхэн тойн урт наслан удаан жаргаж даруй ерэн тав хүрээд төрөл егүүтэж төгс баясгалант бурхны оронд төржээ.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг аглаг газрын хийдээс олж авч ядам болгон уншсанаар цаг бусын үхлээс аврагдан урт насалсаны тус эрдэм нь энэ болой.

No comments:

Post a Comment