Tuesday, May 31, 2011

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ

Дорнын орны нэгэн хийдийн газар номч мэргэн ариун тойн байх бөлгөө. Ариун тойн арван хоёр наснаасаа эхлэн цагаан бадам цэцгийн судар, бас түүний аймгийн /Очироор огтлогч/ судрыг ядам болгон уншигч болжээ. Номч мэргэн ариун тойны мэргэн хурцын хувьд нь нутгийн мэргэчүүл түүнд их сүсэглэнэ. Гэтэл хоёр ариун ламд атаач найдваргүй сэтгэл төрж бэртэгчин муу аргаар номч мэргэн тойны амь насанд гэм тавьжээ.

Харин буянтанд буруу сэтгэл өвөрлөсөн тэр хоёр ламын буян барагдан арилж удалгүй төрөл егүүтжээ. Бүр сүүлд нэгэн цагт нар шингэхийн алдад мэргэн тойны уншлагаа уншиж суутал нэг хүн орж ирээд би эрлэг номун хааны элч байна. Чамайг авахаар ирлээ гэжээ.

Элчийн хэлснийг номч мэргэн тойн ер тоосон шинжгүй суухаар нь элч халж хэлж чадалгүй буцаж ирээд номч мэргэн тойн эсэргүйцэхгүй боловч асар их айх шиг санагдав. Үүнээс би халшраад хэлж эс чадав гэжээ. Иймд түрүүчийн элчээс илүү чадалтай шулмас элчийг хүч нэмэн илгээж түүнийг төрөл егүүтгэжээ. Түүний шарилыг эрлэгийн долоон элч зүрхэлж гаргасангүй. Номч мэргэн тойныг эрлэгийн орноо очих замд нь эл шар дээлтэй хоёр тойн өндөр тавцан дээр сууж байв. Дөхөж дэргэд нь очвоос ойр дотно элэгсэг маяг үзүүлнэ. Сайн харвал урт хоёр соёотой, хурц хумастай үзээрийн муухай амьтан болон хувилав.

Тэд өөр хоорондоо ноцолдон адлалцаж, мах маяагаа мэрэлцэж дуусаад яс болсон хойноо дахин амилж хүн болон хувираад бас дахин тэмцэлдэж мөнөөх зовлонгоо эдэлсэнд номч мэргэн ариун тойн энэ хоёр магад тангарагийн гэм болсон амьтад юм.

Үүдсэн бүхэн мөнх бус боловч муу заяатны нас өнө урт, ай даа энэ хоёр өөдтэйхөн хуварга явсан бол одоо тэр буянаа мэдэрч байгаа биз дээ гэж сэтгээд, билигийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судар минь. Чамд үл чадах үйл гэж нэгээхэн ч үгүй билээ. үзэгдсэн бүхэн үгүй, сонсогдсон бүхэн цуурай, үйлдсэн бүгдийн эцэс хоосон, үүдсэн бүгд мөнх бус гэдгийг мэдтүгэй хэмээн нигүүлсэхүй сэтгэл үүсэхүй их дуугаар өгүүлэхэд тэр хоёр хуварга сонсож номын утгыг мэдэхийн (тул сая нойрноос сэрсэн мэт зовлонгоос тонилжээ.

Номч ариун мэргэн тойн тэндээс эрлэг номун хааны дэргэд очихуйд хаан түүнийг эс мэдсэн мэт, ай хө хүн чи юуны тулд миний дэргэд ийм аймшиггүй явж ирнэм билээ? гэж зарлиг болгосонд би /Очироор огтлогчийг/ уншигч бөгөөд үүдсэн бүхэн хоосон болохын үнэн мөнийг нэгд нэгэнгүй мэдсэн учир надад айх сэтгэл төрдөггүй. Харин хаантан та аливаа юмсыг алганы толион дээр байгаа юм шиг мэддэг атлаа эс мэддэг юм шиг асуух юу билээ гэв. Номун эрлэг хаан гүнээ биширч хоёр мутраа хамтатган дээш өргөн залбирч наминчлаад: Ай тойн минь ээ! Би бол урьдын муу заяаны эрхээр эрлэгүүдийн хаан болж төрөв. Тиймээс номч мэргэн ариун тойн минь ээ.

Миний төлөө /Очироор огтлогч/ судрыг уншиж болгооно уу? гэсэнд /Очироор огтлогч/ судрыг эрлэг номун хаан болон өөр бусад хамаг амьтны тусын тулд зориулж долоо хоног уншиж өгөв. Эрлэг номун хаан номч мэргэн тойнд гучин ширхэг бүтэн хив хадаг барив.

Номч мэргэн тойн тэндээс нарт ертөнцдөө эргэн төрж амьдарсаар нэлээд хожим өнгөрснөө дурсахуй сэтгэл төрж үзвэл нөгөө хивүүд авдар дотор тоогоороо байв.

Түүнээс хойш ертөнцийн барин баримтлах ёс ба атгаг санаа сэжгүүдийг тэвчээд нэгэн үзүүрт сэтгэлээр /Очироор огтлогч/ судрыг уншиж ерин тав хүртэл наслаад төрөл егүүтэж бурханы хутгийг олов.

Билгийн чанад хязгаар хүрсэн /очироор огтлогчийн/ тус эрдмээр номч мэргэн ариун тойн бурханы хутгийг олов.

No comments:

Post a Comment