Tuesday, May 31, 2011

АРАВДУГААР ЗҮЙЛ

АРАВДУГААР ЗҮЙЛ

Эрт дээр үед шажин ном үл хэрэглэх улс байсан бөгөөд тэр улсын нэгэн баян гэрийн эзэн еөр хошууны нэгэн номч бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суужээ. Гэтэл гэрийн эзэн гэнэт өвчин хүртэж элдэвчлэн засуулавч эс анагаагдсанд гэргий нь аглаг газар очиж сайн үнэртэн шатааж, чин сүсэг бишрэлээр мөргөж, биеэ цомцойн сууж наминчлан:

Нисваанисын хир буртгаар бүрхэгдсэн нүгэлт эр, эм бид хоёрыг нигүүлсэж миний гэрийн эзний өвчинг анагаах аргыг арван зүгийн адистадын аугаа хүчин төгссөн бурхад илт үзүүлэн соёрх хэмээн залбирсанд огторгуйгаас /Очироор огтлогч/ судрыг уншуулахтун гэсэн дуун гарахыг сонсов. Тэсгэлгүй баясаад /Очироор огтлогч/ судрыг зүг зүг тийш яаж ч эрээд эс олов. Хөөрөг, шүхэр, манжлага сэлтээ дэлгээд сайн үнэртэн шатааж /Очироор огтлогч/ судар лугаа уулзуулан соёрх хэмээн залбирав. Ингэсний даруйд нэг аяга тахимлаг дэвтэр барьж ирээд гэрийн эзэн чиний өвчин анагаахын тулд /Очироор огтлогч/ судрыг ядам болгон залж ирлээ гэв.

Үүнийг авч орой дээрээ залж тавиад тэр тойнд залбирч мөргөхийн зуур үл үзэгдэн одов. Тэр хүн /Очироор огтлогч/ судрыг долоо хоног уншуулсны буянаар өвчин нь илааршиж царай зүс нь сайжирч хүч чадал орж, сүр жавхлантай болсонд баясалцав. Энэ тухай тэдгээр улс даяар өгүүлэлдэн /Очироор огтлогч/ ганц гэрийн эзний өвчин эдгэхэд туслах тедийгүй, аливаа хүмүүний өвчинг анагаах болов уу хэмээн хэлцэн өгүүлэлдэвч эс мэдэв.

Харин тэндээс холгүй орших их номч мэргэн тойн бий ажгуу. Түүнд түшмэл очиж учрыг асууваас тэр тойн ингэж хэлжээ. Түшмэлээ чи сонс. Ялж төгс нөгцөгсөн бурханы номын алиныг нь шүтэж бишэрч чадваас үл чадах үйл нэгээхэн ч үгүй бөлгөө.

Ялангуяа билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ билиг барамид нэрт их хөлгөн судар аливаа үйлсэд нэн үлэмж сайн. Энэ судар юуны тулд гэвэл билиг барамид эрт нөгцөгсөн, түүнчлэн ирэгсэд номлосон, эдүүгээ ялж төгс нөгцөгсөн бурхан номлосон, ирээдүй сайн галавын түүнчлэн ирэгсэд бурхад номлосноор ирэх бөлгөө. Тэр юуны тул номловоо гэвэл нэгэн түмэн дөрвөн мянган нисваанисын гэмийг арилгаад бэрх зузаан нүгэл хилэнцийг эвдэхийн тул болой. Өвчнүүдийн үндэс хий шар, бадганы өдөөгүүлбэр нь урин, хилэнц, тачаангуй идээ ундааны зүйл хийгээд гадны олон хорлол бүгдийг арилган ариутгаж чадна.

Үхэх цаг нь бологсодын өвчнийг анагаавч гурван муу заяанд үл төрөхийн төлөө энэ ба хойт хоёр насанд /Очироор огтлогчийн/ адистадын аугаа хүчийг сэтгэж, сонсож, өгүүлж үл гүйцнэ гэж номлогдсон билээ гэжээ. Түшмэл хойш буцаж очоод дээрх номлолыг өгүүлбээс тэд сонсоод сүсэг бишрэл төрж эв найртай зургаан нутаг, олон хошуу улс номон чанар дор итгэн нэгдэж /Очироор огтлогчийг/ эрдэм болгон шүтэв. Түүний буянаар ядан нөхсөн хууч өвчинд баригдсан хүмүүс сайжирснаа өгүүлэлдэв. Аль мэргэн сайн догь гууш чи төлөгч боловч мэдэж эс чадав. Харин /Очироор огтлогч/ судар анагаасныг мэдэж үүнээс сайн оточ байхгүй хэмээн улам, улам сүсэг бишрэл төрүүлж шүтсэний буянаар хаан, харцас бүгд энэ ба хойт нас хоёрын хэрэг тусыг бүтээвээ. Гэрийн эзэн гэргий хоёулан эмгэг зовлонгоос салж урт наслан дэлгэрээд эцэст нь төрөл егүүтээд сугаваадийн оронд төрөв.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар гэрийн эзэн, гэргий хоёр сугаваадийн оронд терсөн хийгээд номгүй хошуу улс номтой болсон нь энэ бөлгөө.

No comments:

Post a Comment