Tuesday, May 31, 2011

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Ганц охиноос өөр үргүй нэгэн сартваахи байх бөгөөд тэрээр охиндоо маш их хайртайн тул эрх дураар нь өсгөжээ. Нэлээд хожим нэгэн үед эх, эцэг хоёр насан өөд болжээ. Тус улсын хааны хуучин хууль журам нь хөвгүүнгүй хүн нас эцэслэвээс түүний аливаа эд хөрөнгийг хааны мэдэлд авдаг тул бүхий л хөрөнгийг хааны сан хөмрөгт хурааж аваад охинд өчүүхэн ч зүйл өгсөнгүй.

Охин энэ тухай мэдээ сонсоод нэгэн гэрийн эзний түлш түүж яваад номын ганц тасархай хуудас салхинд хийсэж байхыг хараад авч үзэв. Ай хөөрхий гэж, энэ ертөнцийн элдэв зүйл итгэлгүйг сэтгэж гүйцэшгүй мөнх бус билээ. Аугаа дээд ном хэмээн тахидгаас биш, мөн баян сартваахийн охин гэж эрх дураараа өссөнөөс биш энэ охин хүний дунд бид хоёртой адил ядарсан нь үгүй юм даа хэмээн бодож уйлан суув.

Гэтэл нэгэн тойн хүн түүнийг ажин ирээд охин минь чи юуны учир гашуудан уйлж сууна гэв. Охин өөрийн бүхий л санаж бодсон зүйлээ бүрэн өгүүлэв. Тэр тойн ихэд нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж нөгөө номын тасархайг авч үзээд, адис авч, учир ухааныг тайлан егүүлж энэ ном билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ нэрт их хөлгөн судрын хоёр шүлэг байна, ялж төгс нөгцөгсөн гэгээнээр номлосон ном билээ.

Үүний тус эрдмийг бурхан багшаас бусад номлож үл гүйцнэ. Чиний энэ ба хойт нас хоёрт үүнээс тустай дээдийн юм хэзээ ч үл олдоно. Үүнийгээ ядам болгон унш гээд гурван эрдэнийн ач тус хүмүүсийн хооронд өгөх, авахтай адилгүй билээ.

Ингэхээр сүшиг бишрэлийг хичээ. Энэ номыг гэрээс гадагш гаргаж нөхөд сэлтэд бүү үзүүл. Хүн доромжлоход бүү гутар. өөрөө бүү доромжил. Энэ тухай бүү өгүүл. Хүмүүс чамд баярхаж, бахархаж, сайрхавч нөгөө л чиний эцэг, эхийн адил байдаг бүх хөрөнгөө орхиод одсоны хойно хэн нь дээр хэн нь доор болохыг одоогоор нэгэнт мэдэж, өгүүлж үл болно. Дордсыг доромжлоод хилэнц хураахаас өөр юмгүй билээ. Харин доромжлуулаад сэтгэлээ эс хямруулбал буян хураахаас биш гарзгүй билээ.

Бурханы шавь бурханч хуваргууд бид хэн маань ч аливаа хүн амьтанд ашиг тустайгаа үзүүлэхээс бус бурууг үл өгүүлнэ гэж хэлээд одов. Тэр охин, тойны хэлж сургасныг сэтгэлдээ агуулж номоо уншсаар удаан жил өнгөрсний хойно гэнэдэж гэрийн эзний гэргийн өлөн нүдэнд номоо харуулчихжээ. Энэ тухай гэргий эр нөхөртөө хэлж, эр нөхөр нь эмийнхээ үгийг сонсмогц охин тийш хурцаар хилэгнэж заяа буян муутай бузар нүгэлт охин чи хөдөө хээрээс номын тамтраг олж авчирч миний гэргий, хүүхдэд гай түйтгэр тарих нь лавтай хэмээн зодож жанчсанд гэргий нь энэ нүгэлт эм манайд өлзий бус болох биз гэв.

Ингэхэд охин гэрийн эзэн, гэргий хоёр миний ном хийгээд надаас ийнхүү сэрдэж их сэжиглэн сэргийлж байгаа учир би эднийд сууж үл болох нь илт болов. Өдөр шөнөгүй номоо уншсаар гарч гуйланчлан явсаар байтал нэгэн гэрийн эзэн азаар тохиолдож түүнийг гэргий болгон авчээ. Охиноос хөвгүүн үр заяаж алив нэгээр тэгш сайн жарган аж төрөн суусаар эцэстээ хүрч төрөл егүүтээд эрлэг номун хааны оронд очив. Номун хаан зарлиг болгож эм чи шажин ном дэлгэрсэн сайн цагийн сав ертөнцөд төрсөн тул дээшээ одох буян хэдийчинээ үйлдсэн, дорогш унах муу хилэнц юу хийсэн тэр бүхнээ мэдүүл хэмээн зарлиг болгов.

Би /Очироор огтлогчийг/ ядам болгон уншсанаас бус буян хилэнцийн алийг нь ч хийгээгүй хэмээн өгүүлэв. Гэтэл эрлэгүүд бичиг даанс толиндоо үзээд /Очироор огтлогчийн/ хоёр шүлгийг ядам болгон уншдаг нь үнэн бөгөөд гучин нас хүрээд баян хүний гэргий болж үгээгүй ядууст өглөг өгч, өлссөн цангасан амьтдад унд, хоол өгч, өвчин зовлонд нэрвэгдэгсдэд асар тусалсан буянтай юм. Бага сага хилэнц байвч арилж хэмээн айлтгасанд эрлэг номун хаан зарлиг болгон /Очироор огтлогчийн/ хоёр шүлгийг ядам болгон уншсаны буянаар гучин гурван тэнгэрийн орноо төрж тэндээс бодь хутагт зорь хэмээжээ. Ингэж охин тэнгэрийн оронд төржээ. Харин дээдийн номыг доромжилсон эр, эм хоёр муу заяанд унасан бөлгөө.

No comments:

Post a Comment