Tuesday, May 31, 2011

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Бас нэгэн гэрийн эзэн мэргэн бошго ганц хөвгүүнтэй бөлөг. Тэр хөвгүүн гөрөөс шувуу тэргүүтэн олон амьтныг агнагч бөгөөд тийн атлаа /Очироор огтлогчийг/ уншигч байжээ. Хөвгүүн залуудаа насан өөд болжээ. Түүний хүүрийг эрлэгийн долоон элч гаргаж чадсангүй. Гэтэл хөвгүүний сүнс эрлэг номун хааны дэргэд очсон байв. Номун хаан зарлиг болгож хөвгүүн чи буян, хилэнц юу үйлдсэнээ мэдүүл гэсэнд буян гэвэл /Очироор огтлогч/ судрыг олон дахин уншсан. Хилэнцийн хувьд олон амьтны амь тасалсан хэмээн өчсөнд эрлэгүүд данс толиндоо үзээд /Очироор огтлогчийг/ бүтэн хагас уншсан ба түүнээс урьд, хойно уншиж, зорьж сэтгэсэн зүйлгүй.

Хилэнцийн хувьд дөрвөн мянга гаруй амьтны амь тасалж бас, бус бага сага хилэнц байна гэсэнд /Очироор огтлогч/ сударт зориулж эс сэтгэвч болох, тэр юуны тулд гэвэл тэдгээрийг түүнчлэн ирэгсэд мэдэж, тэдгээрийг түүнчлэн ирэгсэд үзэж бас хагас уншсанаар ч болох, дөрвөн бадагт нэгэн шүлгийг уншсаны буяны цогцыг номлож үл гүйцнээ. Ингэж номлогдсоны төлөө билээ. Ер ялж төгс нөгцөгсен бурханы номлосноос ангид үл болохын тулд хүмүүсийн буян олох нь мөн болой. Хөвгүүн чиний насны хэмжээ болоогүй боловч олон амьтны амь тасалсны үр төлөөсөөр нас ахардаж ирсэн буй.

Чи энэ арван найман там дахь амьтны зовлонгуудыг үзээд тэндээс өөрийн гэртээ харьж урьдын ёсоор хүн болж буян үйлд. Чамайг гэрт чинь буцааж явууллаа.

Энэ бол /Очироор огтлогчийг/ уншсаны чинь буян болой хэмээн зарлиг болгов. Хөвгүүн яг л урьдын бие махбодоор хүн болоод /Очироор огтлогчийг/ зуун найман удаа бүтээж, зуун найман хүнд өгөөд өөрөө ядам болгон уншив. Үүгээр урт наслан удаан жаргаж их буянтай болон жарган дэлгэрээд эцэс хойтдоо төрөл егүүтээд бодь хутагт хүрэв.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар хилэнцэт хөвгүүний сүнс бодь хутагт ингэж хүрсэн бөлгөе.

No comments:

Post a Comment