Tuesday, May 31, 2011

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Эртний нэгэн хийдийн орчин тойронд тэнгэр хангай нь маш их догширдог байв. Гэнэт гэнэт азарган бороо мөндөр цас орох хийсгэх мэт хуй салхи тавих ташуур мэт жавхчлан ширүүн шуурга болох ажээ. Заримдаа тэнгэр гэнэт цэлмэж амьтан хүнд найдангуй амгалан байдал төрүүлж байгаад гэндүүлэн ширүүлж олон түмний ажил үйлсийг бүтэлгүйтүүлж газар дэлхийд ган зуд гамшиг тарьж хүн мал адгуус араатан жигүүртэнд хорлол учруулахын алийг хэлэхэв.

Догшин тэнгэрийн атаа хүчин их тул хэн ч түүнийг зогсоож үл чаднаа. Тус хийдийн орчинд эмт цэцэг навч рашаан ургамал хийгээд үр жимс мод сөөг өвс ногоо тэргүүтэн жигд сайхан ургавч дорхноо шарлаж хувхайрна. Тэр хавиар явах зорчих хүн амьтан байтугай дээгүүр доогуур нисэж явах шувуу царцаа ч харагдахаа больж хааяа нэг хөөрвөөс харахын зуур хөсөр унаж үхэх тиймээс хийдийн хавьд ямар ч амьтан үл ойртох ажээ. Харин тэнд гайхамшигт хүч чадалтай таринч лус савдаг нэг бии гэнэ.

Тэр савдаг найман аймгийг эрхэндээ хураасан их хүчтэй бөгөөд эргэн доогуур урсах их мөрний усыг зогсоох, хатаж хагачсан газраас ус урсгах, ад адас албин тийрэн муу алмас шулмас тэргүүтнийг ноён нь боолдоо эрхшээх мэт эрх дураараа үйлдэгч их хүчит тарнич савдаг байжээ.

Тэрээр араншин муут догшин тэнгэрийн оршигч сүмд омог бардам зантай оров. Тарнич савдаг догшин тэнгэрийг номхотгох догшин таринаа уншиж эхлэв. Гэтэл догшин тэнгэр шөнө дүлийн хирд тарничийн бүхий л уншлагыг тасалж тэргүүнийг нь хага татан хаяж үхүүлээд цогцосыг нь бүр ногооруулан гадагш хаясан байв. Ийм хүнд эмгэнэлтэй явдал болсныг догшин тарничийн шавь нь мэдээд басхүү багшаасаа үлэмж хүч чадалтай нэгэн тарничийг урив. Багш юугаа муу авирт догшин тэнгэрт нигүүлснийг мэдмэгц тарнийхаа бүхий л хэрэглэлээ аваад сүмд орж ирээд муу ноёдыг өдөн хатгаж эхэлснээ асар их уурласан дүрээр догшин тарнисыг хатуу зоригоор уншиж гарав. Гэтэл тэрхэн даруй догшин тэнгэр тарничийн зүрхэнд харваж цусаар бөөлжүүлэн үхүүлэв.

Гэсэн ч тэр газар оронд /Очироор огтлогч/ судрыг ядам болгон уншигч бас нэгэн бяцхан тойн байж гэнэ. Энэ тойн ийм эмгэнэлт мэдээ сонсоод тэмцлийн үйлээр үхсэн хоёр тарнич, үхүүлэгч догшин тэнгэр савдаг гурвуулаа хөөрхийдөө их нүгэл хилэнцийн гайгаар тэр сүмд орж ирж дээ. Би харин /Очироор огтлогч/ уншья гэж шийдээд арц хүжсийн саваа аваад явжээ. Гэтэл айл хөршийнхөн хүүе тойн гуай минь ээ! Тэр аюулт сүм тийш битгий яв. Тэндээс хэн ч амьд мэнд гарч ирэхгүй. Түүний гэмээр хоёр сайн тарнич амь насаа алдлаа. Эцэг эх ах дүү энгийн ард биднийхээ сэтгэлийг бүү зовоогооч гэцгээнэ. Гэсэн ч тойн: та бүгд сонсдоо: Ялж төгс нөгцсөн бурхан багш бусдад багш болоод надад багш үл болох гэж юу билээ.

Дээдийн ном зарлиг умдгайгүй. Шар захтай хувцас өмсөж санваар сахисан хувраг хүн амьтныг нигүүлсэх бөгөөд харин найдангуй тачаангуй сэтгэлт бол шагшавад эвдэрч муу заяанд орохоос өөр үйлгүй. Би өнгөрсөн тэр гурав хийгээд хамаг амьтны тусын тулд зорино гээд явчихжээ. Олон түмэн хойноос нь өгүүлэлдэн тэр тойныг хориод хориод дийлсэнгүй. Тойн чигээрээ явж сүмд ороод нэгэн үзүүрт сэтгэл барин /Очироор огтлогч/ судраа уншиж эхэлвээ.Гэтэл шөнө дундаас хойш том хар үүл хуран ирж цахилгаан бадран газарт бөөн бөөн гал буув.

Дараа нь том том мөндөр орж ширүүсэн бүр нүд амгүй жавахчив. Хуй салхи дэгдэж мод унаж уул нурав. Их далай долгилон цалгиж түүний хойноос аймшигт дүртэй нэг амьтан амнаасаа гал гарган хамраасаа утаа баагиулан гарч ирээд олон өнгийн муухай дуугаар хашгиралдан олон зэвсэг барин давшилна. Тэгснээ өөрийгөө өөр өөр дүрстэй амьтдаар хүрээлүүлэн асар том аймар чөтгөр болон хувилж сүмд оров. Энэ үед нөгөө тойн айж сүрдсэн янзгүй хөөрхий үйлийн үрээр ийм муухай дүртэй болсон нь барцад ихт амьтад бизээ гэж нигүүлсэхүй сэтгэлээр /Очироор огтлогчоо/ уншиж суув. Харин тэр тэрсүүд амьтад тойнд халдаж тэрслэх байдал гаргасангүй. Номын дууг сонсоод өнөө чөтгөрийн сэтгэл амарлингуй болов.

Том чөтгөр ийм болсонд түүний дагаварууд ч гарч хурсан үүл замхарч тэнгэр ч цэлмэв. Харин догшин тэнгэр ганцаар үлдэж за тойн гуай минээ! Би үнэхээр атаа хүчтэй амьтан билээ. Намайг дийлэх амьтан хэзээ ч хаа ч хэн ч байхгүй. Надад юунаас ч айх эмээх зүрх сэтгэл байхгүй. Гэсэн чинь чиний амийг таслахаар ирээд улайссан их уур омог минь замхарч хүч минь мөхөстөн суларч шантарсан шиг боллоо гэж биширхүй сэтгэлээр алгаа хамтатгаж баруун өвдгөө газарт сөгдөн: ай тойн минь ээ! Намайг нигүүлсэн энэ судрынхаа шидэт дууг сонсгон залбиран соёрхохыг гуйсанд тойн энэ номыг урьд нөгцөгсөн түүнчлэн ирсэн бурхад номлосон бөгөөд эдүгээ ялж төгс нөгцөгсөн бурхан номлосон билгийн чанад хүрсэн /Очироор огтлогч/ нэрт их хөлгөн судар, үүнийг уншваас, бичвээс, уриваас, авбаас, дуугий нь сонсвоос аливаа сайн үйл бүгдийг дэлгэрүүлэх, муу хилэнцэтний үйл бүгдийг арилган тонилгох адистадын агуу хүчин төгсгөсөн судар.

Аливаа номыг номлогчийг лам багш гэж өргөн хүндлэх ёстой. Тиймийн тул би бурханы сургаалаар нүгэл хилэнцэт бүхнийг тэвчинэ. Хамаг амьтанд туслах буяны үйл хийхээс өөр зорилго надад байхгүй. Чи бол омог дээрэнгүй уур хилэн ихт ямар ч барцад нүгэл хилэнцийг үйлдэхээс цээрлэхгүй бусдын зовлонг нигүүлсэх, асрах сэтгэлгүй харш үйл олонтой. Ялангуяа амьтны амь хорлох хилэнц үйлддэг. Чи бид хоёрын ам тангараг үл нийцэх учир ийм ... гэсэнд догшин тэнгэр эдүүгээгээс хойш алив нүгэл хилэнцийг тэвчиж бурханы сургаалаар явж бурханы шашинд залбирч тус хүргэе гэв.

Ингэж амлан /Очироор огтлогч/ номыг сонсож мөргөөд түүнийг шүтэн биширч улмаар номхоров. Тойн /Очироор огтлогчийн/ адистатаар догшин тэнгэрийг номхотгож номын тус эрдэмд аяндаа биширч тэр нутаг орон даяар шагшин магтаж ядам болгон уншиж аль болохоор тахиж шүтсэний буянаар энэ насандаа цаг бусын үхэл зовлонгүй урт наслан хойт насандаа сайн төрөл олов. /Очироор огтлогч/-ийн тус эрдмээр ертөнцийн араншин муут догшин тэнгэр номхорч хорвоогийн олон амьтад сайн төрөл олов.

No comments:

Post a Comment