Tuesday, May 31, 2011

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Нэг гөрөөчин хархүү, хөгшин залуу, бүстэй бүсгүй баян хоосон, их бага хэн ч хэзээ ч үхэх болзошгүй. Нэгэнт үхсэн хойно буян, хилэнц хоёроос өөр юу ч хэрэггүй.

Буянтай бол сайн гэдэг энэ үнэн бизээ. Ингэхэд миний алсан амьтны тоо магад олон болсон. Одооноос хилэнцээ цөөрүүлж, буянаа зузаатгая. Би ер нь хэзээ ч үхэх магадгүй гэж сэтгэлдээ буян хийхийг яарах нь мөн биз гэж өөртөө өгүүлнэ.

Ингэж /Очироор огтлогчийг/ бүтээгээд өөр бусад буяны талын зүйл юу ч хийж амжилгүй явсаар цаг нь болж төрөл егүүтэж гөрөөчин номун эрлэг хаанд аргагүй очижээ. Хаан зарлиг болгон хүн чи шажин ном дэлгэрсэн сайн орноо төрсөн тул дээшээ очих буян дорогш унах хилэнц юу үйлдэв гэсэнд гөрөөчин олон амьтны амь хорлосноо санаж айгаад өгүүлж үл чадан муурч унасанд номун эрлэг хаан зарлиг болгон:

Ай хөөрхий ертөнцөд төрсөн хүмүүс өдөр, шөнө алгасалгүй буян, хилэнцийн үр боловсрохыг сонссон ч хэрэгсэхгүй мунхаг аливаа юм мөнх бусыг өдөр тутам нүдээр үзэвч мөнх бусыг сэтгэхгүй, сэтгэл нь сохор, баян, буянтай боловч буян үйлдэж, өглөг өгөхгүй, харгис харамын сэтгэлээр чөдөртэй, эрхтэн бүрэн боловч унших урих мөргөх, эргэхийг үйлдэхгүй, ядмаг ядар, сайн сайхан, муу муухай аливаа үйлийг хүлцэх сэтгэл өчүүхэн ч үгүй.

Ямарваа ядан шаналсан зовлонтныг асрах сэтгэлгүй. Гагцхүү ялж төгс нөгцөгсөн бурхан тэргүүтэн нигүүлсэхийн чанад хязгаар хүрэгсэд эгнэгт тонилохын аргыг элдэвчилэн номловч үл сонсох дүлий. Харин өөрийн гэм бурууг анхааран хянаж үзэхгүй, биеэ сайн гэж сэтгээд бусдыг доромжлох, зориуд тэнэг найдангуй гэх эдгээр найман нөгцөлөөс эс салваас сайн төрөл олж үл болно.

Бас ч гасалж хагацах нь мөн болох бөгөед тийм атлаа авах, гээхийн ялгалыг хэрэглэснээр цөм энэ хүний адил буюу. Чөлөө учрал бүрдсэн номт ертөнцөд хүн болж төрөөд буянгүй ирэгчид, далайд эрдэнэ авахаар очоод гар хоосон буцагсад энэ хоёр үл өөдлөнө. Түүнчлэн энэ хүн завсаргүй тамаас бус оронгүй биз гэсэн болой.

Гэтэл эрлэгүүд аваачиж завсаргүй тамд орхив. Тэнд амьлашгүй олон зүйл зовлонг эдлүүлэв. Тэр цагт, тэр хүн аяа халаг минь нэг мөсөн үхэж, үгүй болдог ч болоосой гэж гашуудахын ихээр гашуудан уйлна. Хамаг амьтныг нигүүлсэгч бурхан минь авран соёрх гэж залбирсанд эрлэгүүд чи хичнээн залбирсан ч тусгүй.

Ертөнцийн амьтад амьд ахуйдаа эс зассан үйлийн лайг хялгаасан төдий ч энд

засах номгүй. Нэгэнт дууссан үйл тул уйлсаны хэрэггүй. Энэ зовлон бүгд чинь чиний үйлдсэн үйл, бусдаас өгсөн зүйл биш гэж өгүүлэлдэж байтал эрхэт лам Бодьсад Махаасад огторгуйгаас залран йрээд арван найман тамын оронд байгчдын дотор дээд ном билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогч/ судрыг бүтээн уншсан, уншуулсан, бүтээгчдэд тус нэмэр өгсөндөө баясалцана. Тэдэнд хоол, унд болон түлээ түлш, ус зэргийг өргөсөн тийм хүн бий бол цөм харигтүн гэж газар доргитол зарлиг болгов.

Тамын орноос найман түм дөрвөн мянга илүү хүн гарав. Харин тэр гөрөөчийн нүгэл хилэнц асар их тул яая гэхэв.Өршөөгдмөөр санагдаж, өндөлзөж өндөлзөж тогтов. Тэр хилэнцтэн, би /Очироор огтлогч/ судрыг нэг удаа бүтээсэн гэж бархирав.

Гэтэл эрлэгүүд худал хуурмаг егүүлж болдог газар чинь энэ биш гээд дахин тамалваас тамын зовлонг эс эдэлсэнд номун эрлэг хааны дэргэд аваачив.

Учир шалтгааныг өчвөөс эрлэг номун хаан үүнд буян бий бол нааш нь үзүүл гэж зарлиг болгов. Алтан хайрцгийг нээвээс /Очироор огтлогч/ судар тэр хүний нэр лугаа хамт гарав аа. Номун хаан би гоомой шүүснээс болж энэ хүний нүглийг зузаан болгосноос үүдэж түр зуур тамын зовлонг эдлүүлчих вээ. Үүнийг тамд орсон оруулсан хилэнц хийгээд хамаг амьтны нүгэл хилэнц арилах болтугай гэж залбираад тэр хүнд хоол унд өгч баясган байтал түүнд хорлогдсон олон амьтад зүс тоогоороо ирээд ийнхүү өчрүүн: Номун эрлэг хаан минь ээ. Бид бүгдээрээ заяасан тархиараа амьдарч амьтанд гэмгүй хорхойд хоргүй явтал бурхан номын сургаалиас буруу хазгай загнаж энэ хүн бид бүгдийн амийг тасалсан бөлгөе. Тийм байтал энэ хүн өнөөдөр энэ мэт сайшаагдах нь номун эрлэг хааны барьсан хууль цаазын ёс ийм буюу эсвэл бид бүгдээр хамаг амьтны харьяат бус уу? гэж өчив. Номун хаан зарлиг болруун: Энэ хүн /Очироор огтлогч/ нэрт их хөлгөн судар нэг бүтээсний буян ихийн тул энэ хүнийг засаглаваас үл болох нь номын ёс хэмээн зарлиг болгов.

Тэд тэр судар ганц, бид янз бүрийн амьтад лав л дөрвөн түм, найман мянга гаруй буюу номын чанар хэдийгээр их боловч бид тус, тусын амьнаасаа хагацахуйд өвдөх, айх, гомдох, үр зулзага, ижил ханиасаа хагацан хоцрох, түүгээр хөнөөгдөөд, морь, нохой тэргүүтэнд гүйцэгдэх, дээшээ гаръя гэвч далавчгүй, дорогш орьё гэвч газар битүү. Аргагүй амьнаасаа хагацах ба аюулт хорт сум тусахад хорсож өвдөх, цусаа үзээд нүд хальтрах бүрийд энэ хүнийг ирэхэд хэдий айвч явах аргагүй тул нүүр харж үл чадна.

Нүдээ буруулавч зайлж үл чадна. Зарим маань нуугдах нүх сүв, хонгилоор оровч энэ хүн бас тэнд очих. Аргаа барж газарт гаръя гэхэд бас үл болно. Хий л ийш, тийшээ маажилсаар үхнэ. Зарим нь усны дотроос энэ хүн намайг барихад айсан өвдсөнөө, уснаас гаргаж хуурай газар тавихад амьдаар арьс өвчих мэт бид усны амьтан болохоор гаднах арьсаа хатахад гадаад амьсгал тасрах мах цусаа хатах ба барагдахад үхэж гүйцэх тул маш их зовов гэж өөр өөрийн зовлонгоо тоочоод бид / Очироор огтлогчийн/ атаа хүчин чадал бидний зовлон нүгэл хилэнц хэдий чинээг мэдэхгүй учир бид энэ хүнийг тавихгүй гэж өгүүлэлдэв.

Номун хаан зарлиг болгож: - Аливаа буян үйлдэгчид зургаан зүйлийн хамаг амьтны тусын тул зорьж эс үйлдвээс ийм дутагдал болохын гадна, дээдийн ном лугаа нийлүүлэн хамаг амьтны тусад зориулж буян хийвээс өөр бусдын хоёрын тус бүтээхийг ялж төгс негцөгсен бурхан номолсон билээ гээд эрлэгүүддээ зарлиг болгон: Аминаасаа ангижирсан энэ олон амьтдын өшөө хонзонг зөөлрүүлж цөөрүүлэхийн тулд дэнсний нэг тавганд /Очироор огтлогч/ судрыг тавиад, нөгөө тавганд эдгээр олон амьтныг тавиад эрлэгүүд өгүүлрүүн, энэ судар дийлвээс энэ хүн тонилж сайн төрөл олох, та бүгдэд сайн тус хүрэлцэх нь дамжиггүй, хэрэв та бүгд дийлдвээс энэ хүнээ тамлаж өшөөгөө авцгаана гээд дэнсэлбээс /Очироор огтлогч/ ихэд хүнд болоод нөгөө олон амьтад хөнгедөж дийлдсэнд олон амьтад егүүлэн одоо энэ судрыг дээш өргөхөд ийм хөнгөн атлаа чухам дэнслэх цаг дор хүрэхэд асар хүнд болсон нь энэ /Очироор огтлогч/ судрын адистадын аугаа хүчин тэнсэлгүй их ажгуу хэмээн егүүлэлдэв.

Эндээс сүсэг бишрэл төрж залбиран мөргөцгөөв. Тэр хүнд өгүүлэн ийм их буянтнаа эс мэдэж тэмцэлдэв. Бид чамайг барихгүй гэж өгүүлэлдэн тэндээс тэр олон амьтан тэнгэр хүмүүний терөл олжээ. Номун эрлэг хаан тэр хүнд зарлиг болгон чи бол / Очироор огтлогчийг/ бүтээсний буянаар чамд хорлогдсон олон амьтад цөм сайн төрөл олсон. Харин чи олон амьтны амь тасалснаар чиний нас буян чинь барагдаж төрөл егүүтжээ. Иймд чиний насны хэмжээ болоогүй учир /Очироор огтлогч/ судар бүтээснээр зурдын зовлон эдлэлгүй ертөнцөд одож хүүрэндээ орж хүн болов. Буян хилэнцийн үр боловсрохыг үзсэнээр чи насныхаа эцэст олзтой ирэх биш үү хэмээн зарлиг болов. Тэр хүнийг буцаж ирэх замд нь түүний хаан нэгэн тамын үүдэнд төмер дэгээгээр хүлэгдсэн байхыг хараад зог тусан ажваас хаан маань чи намайг танив уу? гэв. Тэр хүн танилаа. Хүний газар манай хошууны хаан яагаад ямар шалтгаанаар ийм болов гэвэл: Хаан эрлэгүүд дэнснээ үзээд чи баян, сайн ч хүн боловч ач үр, алдар нэрийн төлөө хичээх, ном буян үйлдэвч амь насаа бодож, аж төрөх гэснээс бус буянгүй тул чамд тамаас өөр очих оронгүй.

Тийм боловч дөчөн ес хоногийн дотор хойноос чинь буян ирэх эсэхийг хүлээе гээд ингэж хүлээд орхив. Чи яаж явнаа хаашаа очих гэж яваа чинь энэ вэ? гэж асуув. Тэр хүн аливаа үзсэн явсанаа бүгдийг өгүүлэв. Ялангуяа эрлэг тамын газар орон /Очироор огтлогч/ судраас үлэмж ач тустай юм үгүй гэж хэлэлцэхийг сонслоо.

Би одоо бодоход тэр нь магад үнэн бололтой гэж хэлсэнд хаан чи одоо тэр газар хүрэх тул хаан хөвгүүнд минь миний энд байгааг егүүлээд, миний энэ захиаг минь хүргэж тусла.

Миний хойноос /Очироор огтлогч/ судрыг уншуулж энэ зовлонгоос гэтлэг хэмээн ачит эцэг чинь гуйв гэх зэргээр чи минь аль зохистойгоор өгүүлж туслана уу гэжээ.

Бас чи бид хоёр урьд ноён албад гэж эв найрамдалтай явсан үүнийгээ ч бодож надад ном буян би гуйя гэсэнд: Тэр хүн би бол буянаас бус үйл үйлдэхгүй. Хааны захисан энэ хоёр зүйлийг үзтэл бүтээнэ. Хаан та олж мэдэхвий гээд явав. Тэндээсээ тэр хүн гэртэй ирээд хүүрэндээ ороод хөдлөхүйд түүний гэргий, хүүхэд, ураг садангууд үзээд айж зугтаасанд тэр хүн амь орж босоод гэрийхнийгээ айсныг мэдэж, та нар надаас бүү айгтун.

Би урьд /Очироор огтлогч/ судрыг бүтээсэн буянаар эрлэг номун хаан намайг гэрт минь буцааж илгээсэн бөлгөө. Амраг садан та нарыг хорлох ч байтугай аливаа араатан гөрөөсийг ч хорлох тийм муу үйлийг тэвчсэн хэмээн дуудсанд итгэж дэргэд нь ирээд буян хилэнцийн үр ба тамын зовлон хийгээд /Очироор огтлогчийн/ ач тусыг сонсоод тэдэнд сүсэг бишрэл төрж /Очироор огтлогчийг/ шүтэхээ амлав.

Тэндээс тэр хүн хааны хөвгүүн хаана байна, тэнд очиж хааны захиаг хүргэж өгүүлэв. Хан хөвгүүн сонсоод цочиж яаран /Очироор огтлогч/ судрыг долоо хоног уншуулсны буянаар хаан эцэг нь тамын зовлонгоосоо тонилж сайн төрлийг олов. Энэ тухай тэр газар орны хамаг улс сонсож /Очироор огтлогч/ сударт сүсэглэж бишрэл төрөөд шүтсэний ачаар энэ ба хойт нас хоёрын тус бүтээгээд амар жаргал олов.

Тэндээс тэр гөрөөчин хүн нүгэл хилэнцийн үйл бүхнийг тэвчээд хаан хамаг амьтны тусын тулд нэгэн үзүүртэй сэтгэлээр /Очироор огтлогчийг/ уншиваа. Урт наслаад урьдаас үлэмж баялаг болж эцэстэй төрөл егүүтээд сугаваадийн оронд Авид бурханы дэргэд лянхуа цэцгээс төрөв. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач тусаар гөрөөч хар хүн тамаас тонилж бурханы орноо төржээ.

No comments:

Post a Comment