Tuesday, May 31, 2011

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Чилов хэмээх нэгэн ариун сэтгэлт тойн байх бөгөөд тэрээр ариун ёс гээд навтас, хөдөс, тохом мэтсийг өмсөж зүүж, нутгийн гөрөөчин загасчнаас мах, яс тэргүүтнийг авч идэж амь биеэ боргоцоогч бөлөг. Тийн атлаа /Очироор огтлогчийг/ цаг ямагт уншигч байжээ. Нутгийн ардууд Чилов тойны амиа боргоцоогч алив явдлыг ийм, тийм хэмээн шоглон хэлцэн хөөрөлдөх аж.

Чилов тойныг төрөл егүүтэхээс бүр таван жилийн урьд тэр нутаг орны газар дэлхий урьдахиас үлэмж сайхан гарч, өвс ногоо үр жимс элбэг дэлбэг ургаж хамаг улс даяар амгалан жаргаланг эдэлж аж төрөх болжээ. Тээр хол тэнгэр газрын савсалгаар найман тансаг ариун үнэр хийгээд анхилуун сайхан салхи айсуй хэмээн ам амандаа хэлэлцэнэ. Нээрэн тэр зүгээс үлээх намуун, зөөлөн, сэрүүн, ширүүн, салхины аясаар хүн ба араатан амьтны, догшин ширүүн, ховдог шунахай, хорт сэтгэлтэн цөм амирлаж алга болов.

Таван жилийн дараа хаврын дунд сарын шинийн нэгний өглөө эрт дуртмал хөх огторгуйн гүнд таван өнгийн солонго татан сүлжилдээд нэн үлэмж үзэсгэлэнгээр хорвоо дэлхийг тольдон чимж үлэмжийн сайхан үнэр анхилан улам улам ханхалсаар үүр цайлгав. Түүнийг хамаг олноор үнэртэн шагшин магтаж гайхамшигтай ховор сайн зөн билэг бөгөөд маш том билэгтэй үйл явдал болох нь хэмээн баяр баясгалангаар дүүрэн ярилцав.

Тойн Чилов Очир завилаагаар сууж тэр шөнө нирваан болсон ажгуу. Нарнаас цэцгийн хур бууж олон өнгийн хөг аялгуу түмэн олны чихнээ дуурсаж, тойны шарилыг тэнгэр нараар тахихыг хамаг бүгд үзэж /Очироор огтлогчийн/ тус эрдмийг мэдэв. Тоо томшгүй олон хүн /Очироор огтлогчийг/ ядам болгон шүтжээ. Энэ ба хойт хоёрын хэргийг бүтээж эгнэгт амар амгаланг олцгоов.

Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ тус эрдмийг хамаг амьтны тусын тулд ариун тойн Чилов илт үзүүлсэн нь энэ бөлгөө.

No comments:

Post a Comment