Tuesday, May 31, 2011

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Эртээ нэгэн цагт урьд хийсэн үхлийн үрээр гэрийн эзэн хархүү хүнд өвчинд нэрвэгдэн терөл егүүтэж эрлэгийн элчээр хүргэгдон эрлэг номун хаанд очжээ. Номун хаан: чи чөлөө учралт оронд төрөөд дээшээ өөдлөх буян юу хийв? Доошоо унах нүгэл юу үйлдэв? гэж асуув. Гэтэл тэр хүн /Очироор огтлогч/ судрыг ядам болгон уншиж бишрэхээс гадна бас бус олон зүйлд мөргөж залбирдаг. Харин нүгэл хийгээгүй гэжээ.

Гэтэл эрлэгүүд бичиг данс, далдыг үзэгч толиндоо харж хэдүй /Очироор огтлогч/ судар уншсан боловч сайн муу, сайхан муухай, лам хар аливаа хүнийг элэг доог хийж, сорьж сонжиж, нэр хоч өгч доромжилсон байна. Олон хүний сэтгэл зүрхэнд хойрго байдал төрүүлсэн ба олон амьтны амь тасласан, буян ном үйлдэгчдийг доромжилсон зэрэг нүгэл үйлджээ.

Үүнийгээ наминчлан /Очироор огтлогчийг/ уншсан боловч бас цаана нь өчүүхэн нүгэл үлдэж байна гэв. Энэ өдөр эрлэг номун хаанд эдлүүлэх тамын зовлонг эдлүүлээд нааш нь авчирч өг гэжээ. Эрлэгүүд түүнийг буцлаж байгаа зэс нуурын захад авчирч тавьтал хүн ба хун бус аймгийн олон амьтад хүрээлэн ирж, нөхөр чи эрлэгүүд тэргүүтэнг ба бид бүгдийг доромжлон бас ч хочлон өгүүлсэн гэж дор бүрдээ өгүүлэлдэв. Чи морь, шар, нохой авчирсан уу? Ураг садангуудаа авчирсан уу? Бид чамайг одоо зооглоно гэж хашгиралдав.

Чи ертөнцөд амьд явахдаа цагтаа муу үйл яаж үйлдсэн? Тэр бүгдийг чинь ёсоор үйлдэж хариуг эргүүлэн эдлүүлнэ гэсэнд гэрийн эзэн хархүү хоёр нүднээсээ нулимс асгаруулан бөмбөрч хоёр алгаа хавсран наминчилж: Ай ноёдоо мунхаг би бээр иймийг эс мэдэж хилэнцэд явдлаар явсан байна. Намайг авран соёрхооч хэмээн дагжин чичирч сөгдөн гуйж, нуугдах, далдлах газар орон эрэн хайн гүйн, яван, суун, ядан бядан иртэл зэс нуурын дотроос таван зуун алд биетэй олон толгойтой ганц могой гарч ирээд хүний хэлээр өгүүлсэн нь: Чи амьдрах ёстой боловч адгуус мал алах, амьтныг үр зулзагаас нь салгах, хүн ба хүн бус аливаа амьтныг ихэд зовоосон байна. Өлсөж ундаасахыг нь үл хайхарсан байна. Бусдын төлөө санаа тавьж хүндлэх асрахыг, хайрлаж халамжлахыг эс мэдэн уур омгоор ааглаж эцэг эхээ хүртэл доромжилсон байна.

Сэтгэлээсээ хүндэлж шүтэн бишэрвэл зохих шашин төрөө басамжлан өгүүлдэг ба буян үйлдэгчдийг буруушаан өгүүлж бусдад ийм хилэнц үйлдэж зовлон учруулагчид зовлонгоо эдлэх нь зүй. Аливааг ичгүүр сонжуургүй бусдаас хүсэж баясэн авснаа өгвөл зохих өглөгийн орноо үл өгөх нүгэл хилэнц чамд их байна. Энэ чөлөөт учралт оронд эрх дураараа явсан цаг мөч чинь дууслаа гээд тэр могой хүний толгойноос нь хэсэг мах тасар татан аваад хаяж өгүүлсэн нь: Тогтоосон журамнаас гадуур илүү дутуу жин жигнүүр ба башир арга хэрэглэж сав суулганд нууж авсан өгсөн хийгээд худалдаа арилжаа хийхдээ хүүхэд, ядуусыг дорд үзэж хувь хэмжээ хасаж илүү авсныг чинь, дутуу өгснийг чинь гээд махнаас нь дахин тасдаж авна гэлээ.

Гэтэл эрлэгүүд түүнийг буцалж байгаа зэс тогоонд зайлахын аргагүй оруулав. Махыг нь шалбарч унахад ясыг нь гадагш хаяв. Түүнийг дахин хүн болговоос хоёр нүд нь сохор эрэмдэг зэрэмдэг амьтан болов. Тэр мэт зовлонгийн далайг нэгэн өдрийн хагаст эдлүүлээд номун эрлэг хааны дэргэд авчирч өгчээ. Номун эрлэг хаан зарлиг болгож: Хүн чиний саяын эдлэсэн тамын зовлонг чи хорин мянган жил эдлэх ёстой байсан. Харин /Очироор огтлогчийг/ ядам болгон уншсаны ачаар одоо чи зовлонгийн далайгаас тониолов. Билгийн чанад хязгаар хүрсэн очироор огтлогч судрыг ядам болгон уншсаны ачаар гучин гурван тэнгэрийн орноо заларчээ. Ингээд /Очироор огтлогч/ судрын тус эрдмээр гэрийн эзэн хархүү халуун тамын зэс далайгаас аврагдан гучин гурван тэнгэрийн орны заяанд төржээ.

No comments:

Post a Comment