Tuesday, May 31, 2011

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Эрт дээр үед хоёр хаан хоорондоо муудалцсанаас болж нэлээд хямралдаж тус тусынхаа цэргийг аваад хол, хол нутаглах болжээ. Наад талын хааны цэргийн нэг эрхтэн /Очироор огтлогч/ судар үргэлж уншигч бөгөөд тэр өгүүлсэн нь тэмцэлдэхэд бусдад алагдах буюу бусдыг алахад хүрнэ. Хэдийгээр өөр өөрийн зорилгогүй боловч бусдыг хорлохоос биш буянтай сэтгэлгүй тул эцэстээ тамд унах болно. Хоёр этгээдийн хорин түмэн цэрэг их зовлон эдлэхийг бодоход тэсэхүй бэрх.

Тиймийн тул энэ олон амьтны хойд мөрийн төлөө аглаг хээр газар очиж /Очироор огтлогчийг/ уншье гэж сэтгээд нэг газар очиж өндөр хадан дээр гараад судраа уншиж суужээ.

Гэтэл цаад талын хааны хэдэн цэрэг айсуй харагдана. Тэд ирж сэлэм мэсээр цавчин завдахуйд айж ухаан балартан хаднаас харайв. Түүнийг газарт унахын завсар буяны нөхөр бурхан баруун гараас нь тулж алгуурхан газарт тавив. Тэгээд нөхөдтэйгөө уулзаж түүний барьсан сэлэм хутга мэс нь аяндаа эвдэрч унасанд тэр улс айж сэжиглэн энэ хүн биш чөтгөр байх, хаднаас дүүлээд үл үхэх, барьсан мэс нь ямар ч шалтгаангүй эвдэрэхийг үзвэл асар их атаа хүчит чөтгөр шулам буюу гэж яаран очиж хаан түшмэлдээ өгүүлвээс элч илгээж үзүүлсэнд нааш, цааш явсан суусан номч хүний мөр байв. Тийм хаднаас дүүлсэн шувуунаас өөр амьтан амьд гарахгүй. Түүний ойр хавь ч явах аргагүй гэж иржээ.

Хаан өгүүлэн түшмэддээ эдний хөдөөд завхай явсан нэг хүн бусдын барьсан зэвсгийг барилгүй эвдэх, өндөр хаднаас дүүлээд үл үхэхийг бодвоос цэргийн нь дотор бас ийм хүн байх нь. Бид ер нь байлдан тэмцэлдэхээ больё.

Эдүгээгээс эвсэн элсэх арга зам эрэх хэрэг хэмээн зөвлөлдөөд ийнхүү элч илгээв. Үүнд: Хаантаан. Чи бид хоёр энэ нэг улс орны төрийн хоёр хаан тул зүй зохис нь бурхан номын сургаалаар замнаж аливаа амьтныг зовлонгоос гэтэлгэж жаргаланг эдлүүлбээс зохилтой атал едий олон хүн ба адгуус, мал сэлтийг үхэл зовлонд учруулаад дийлэвч, дийлдэвч хэдий чинээ амьд явах билээ.

Хэзээ үхэхийг мэдэхгүй, үхсэний хойно энэ үйл явдлын үр дагавар юу болохыг байлдахын урьд хэлэлцэж олж мэдтүгэй хэмээсэн бичиг илгээжээ. Наад хаан өгүүлрэн: Хэлэлцэх хэрэг юун билээ. Буяны үр жаргалан, хилэнцийн үр зовлон хэмээн номлогдсон буй за. Хаантан чи нисваанисийг даран чадваас би тэмцэлдэхэд төдий л их дурлахгүй гэх зэргээр нааш цааш өгүүлэлдэж харилцан эвсээд тангаргийг элбэлцсэний эцэст /Очироор огтлогчийн/ адистад аугаа хүчин бүхнийг илт мэдээд судар уншигч хүнд их шагнал өгч жаргуулваа. Их байлдаан амарлиж хоёр хаан тэргүүлэн хөргийг олон даяар /Очироор огтлогчийг/ шүтэв ээ. Тэр буянаар энэ ба хойт нас хоёрын сайн тусыг бүтээв.

Уншигч хүний баруун гараас тэнгэр нарын сайн үнэр анхилж эцэс дор төрөл егүүтээд сугаваади дор лянхуа цэцэгнээс төрөв. Билгийн чанад хязгаар хүрсэн /Очироор огтлогчийн/ ач эрдмээр хоёр хааны байлдаан зогсож эвсэн элссэн ба судар уншигч бээр сугаваадийн оронд төрсөн нь энэ бөлгөө.

No comments:

Post a Comment